Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Нүүрсний экспорт тавдугаар сард 1.32 сая тоннд хүрч өсөв

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний таван сарын байдлаар 5.93 тэрбум ам.долларт хүрч, 48.2%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Тодруулбал эхний таван сард 3.32 тэрбум ам.долларын экспорт хийж өмнөх оны мөн үеийнхээс 65.7%-иар нэмэгджээ. Мөн импорт 2.6 тэрбум доллартай тэнцэж, 30.6%-иар өссөн байна. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 722.4 сая ам.долларын ашигтай гарлаа.

Зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, алт, газрын тосны бүтээгдэхүүн нийт экспортын 81%-ийг бүрдүүлжээ.  

Эрдсийн экспортыг орлогын дүнгээр эрэмбэлвэл зэсийн баяжмал тэргүүн байранд орлоо. Оны эхний таван сарын байдлаар зэсийн баяжмалын экспортын орлого 1 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 63%-иар өсчээ. Харин биет жингээр зэсийн баяжмалын экспорт өмнөх оны мөн үеийнхээс 12%-иар буурч 491 мянган тоннд хүрлээ.

Нүүрсний экспортын тухайд оны эхний таван сард 8.63 сая тонн нүүрс буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 37.3%-иар нэмэгдсэн дүнтэй гарлаа. Энэ хугацаанд нүүрсний экспортын орлого 933 сая ам.доллартай тэнцэж 82%-иар дээшилжээ. Өмнөх оны хоёр, гуравдугаар сард нүүрсний экспорт бараг “тэг зогсолт” хийж байсан тул ийнхүү энэ онд нүүрсний экспорт харьцангуй сайн байгаа мэт харагдана. Гэвч үнэндээ нүүрсний экспорт энэ онд төлөвлөгөөнөөс ихээхэн хоцрогдолтой байгаа бөгөөд тавдугаар сараас л байдал арай дээрдэх шинж ажиглагдлаа. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн тавдугаар сард манай улс 1.32 сая тонн нүүрс гаргасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39.1%-иар бага боловч өмнөх сарынхтай харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Гэхдээ хэвийн үзүүлэлтээр сард 3-4 сая тонн нүүрс экспортолдогтой харьцуулахад энэ дүн нь хавьгүй багад тооцогдоно.

Эх сурвалж: ГЕГ

Төмрийн хүдэр, баяжмалын экспорт оны эхний таван сард 3.38 сая тонн буюу 446 сая ам.доллартай тэнцсэн нь жингээр ялимгүй буурсан ч, орлогын дүнгээр 90%-иар дээшилжээ. Ингэснээр төмрийн хүдэр экспортын орлогын дүнгээр гуравт эрэмбэлэгдлээ.

Газрын тосны экспорт мөн хугацаанд 136 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 452%-иар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл газрын тосны худалдаа хамгийн өсөлттэйд тооцогдож байна.

Харин алтны экспорт оны эхний таван сарын байдлаар буурчээ. Бусад төрлийн эрдсийн хувьд бүгд экспортын орлогоор өсөлттэй гарлаа.

Эх сурвалж: ГЕГ

 

Б. Төгс