Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Chinalco”: 2035 онд нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтаа 40%-иар бууруулна

Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ.

Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж.

Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.

Хятадын өнгөт металын үйлдвэрлэлийн холбооны судалгаагаар, 2020 онд тус улсын хөнгөн цагааны үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт 420 орчим сая тонн байсан бол 2025 онд дээд цэгтээ хүрч 460 орчим сая тонн хүрэх төлөвтэй. Дунджаар 1 тонн хөнгөн цагаан үйлдвэрлэхэд 10.3 тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг байна. Өнгөрсөн оны үзүүлэлтээр Хятад улс нийт 42.5 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэжээ.

Э.Од