Монголын экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч, доктор, профессор Д.Галсандорж
“Эрдэс баялгийн бирж ” гэсэн нэршлийг “Уул уурхайн бүтээгдэхүүний бирж” нэрлэх нь илүү оновчтой. Олон улсад Лондоны металын бирж, Лондоны алт,мөнгөний бирж, Шанхайн металын бирж, Беларусын барааны бирж, Тянжины уул уурхайн бүтээгдэхүүний бирж зэрэг олон улсын, бүс нутгийн болон орон нутгийн чанартай. Дэлхий дахинд 200 гаруй бирж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр бирж нь биет бүтээгдэхүүн болон ирээдүйд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд тодорхой байршлаар нийлүүлэн арилжаалдаг.
Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах боломж, хууль эрх зүйн орчны судалгааг 2013 онд Монголын Экспортлогчдын холбоо хийсэн. 2015 онд Уул уурхайн яамнаас бирж байгуулах хуулийн төслийг Засгийн газрын хурлаар оруулж хэлэлцүүлсэн боловч дэмжигдээгүй. Энэ хуулийн төсөлд Үнэт цаасны тухай хуулийн үүсмэл зах зээлтэй холбоотой олон заалтыг тусгаж, биет бүтээгдэхүүн арилжаалах зохицуулалтыг сайн тусгаагүй байсантай холбоотой болов уу.
Ашигт малтмалын арвин их нөөцтэй манай улс олборлон баяжуулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээ хоёр хөрш орон Хятад, Орост экспортолдог. Манай эрдсийн бүтээгдэхүүний зах зээл гадаадын худалдан авагчид, хөрөнгө оруулагчдад ихээхэн хаалттай хэвээр, төрийн өмчит компаниуд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр эцсийн хэрэглэгчдэд борлуулж чадахгүй байна.
Төрийн өмчит компаниудын нүүрс, жонш болон зэсийн баяжмалын худалдан авагчдыг сонгох, тэдгээрийн тоо хэмжээг хуваарилах, үнийн нөхцөлийг тохиролцоход зуучлагч компаниуд, манай төрийн албан хаагчид оролцож, экспортын орлогыг ихээхэн бууруулж буй. Тиймээс эрдсийн бүтээгдэхүүнийг “нэг цонх”-ны бодлогоор олон худалдан авагч, эцсийн хэрэглэгчдэд нээлттэй, өрсөлдөөний зарчмаар өндөр үнэ хүргэж арилжаалах оновчтой арга зам бол биржээр арилжих явдал юм.
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулснаар төрийн өмчит компаниудын худалдаа хариуцсан олон орон тоо, зардал хэмнэх, арилжаанд оролцогчдыг зах зээлийн үнийн мэдээллээр байнга хангах, экспортын худалдааны ажилтнуудыг сургалтад хамруулах зэрэг олон шинэ боломж нээгдэнэ.
УУХҮЯ-аас боловсруулсан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах хуулийн төсөл, үзэл баримтлалтай танилцсан. Уг биржийн үйл ажиллагаа, арилжаа явуулах зарчим нь Лондон, Беларусь, Тянжины уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа, арилжааны сайн туршлага дээр тулгуурлах юм байна лээ.
Гэхдээ хууль батлагдсанаар бирж шууд ажиллаад эхэлнэ гэсэн үг биш. Олон улсын туршлагаас харахад, биржийн дэд бүтцийг бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оролцдог. Харин биржүүд бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулж байж л өндөр өгөөжтэй ажиллаж байна.
Харин манай улсад яригдаж буй уул уурхайн бүтээгдэхүүний биржийг Хөрөнгийн биржтэй нэгтгэх, мөн хөрөнгийн биржийн платформыг ашиглана гэвэл эрдэс баялгийн бирж жинхэнэ утгаар ажиллахгүй. Гадаадын худалдан авагчид ч ихээхэн гайхах байх.
Биржийн тухай хууль батлагдах энэ хугацаанд Уул уурхайн биржийг өндөр өгөөжтэй ажиллуулах бэлтгэлийг хангах, тухайлбал нэгж ажиллуулах, шинээр ТЭЗҮ-ийг боловсруулах, арилжаалах биет бүтээгдэхүүний гэрээний загварыг боловсруулах, үнийг нийлүүлэлтийн нөхцөлөөр тодорхойлох, төрийн өмчит уул уурхайн компаниудын экспортын худалдааны мэргэжилтнүүдийг сургах, түүхий эдийн бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах, худалдан авагчдын шаардлагыг хангах зэрэг олон ажил хийх хэрэгтэй.
Тээвэр ложистикийн асуудал ч тулгарна. Биржийн арилжааны гэрээнд заасан хугацаанд бүтээгдэхүүнийг худалдан авагчид хүргэж өгөхгүй бол торгуульд орох эрсдэлтэй. Тиймээс дэд бүтэц тун чухал. Биржийн терминал, агуулах, тээвэр ложистикийн төвүүдийг барьж байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Агуулах гэхэд, тухайлбал төмрийн хүдрийг Дарханд, нүүрснийхийг Тавантолгойд байгуулах, биржийн стандартын шаардлага хангасан агуулах, шинжилгээний лабораторид итгэмжлэл олгох шаардлагатай.
Ирээдүйн арилжааны бүтээгдэхүүний тухайд, “Эрдмин” ба “Ачит Ихт”-ийн цэвэр зэсийн үйлдвэрүүд олон улсын металын биржийн чанарын стандартыг хангаагүй тул олон улсын биржээр арилжаалах боломжгүй. Цаашид нүүрс угаах, цэвэр зэсийн үйлдвэрүүд ашиглалтад орж бүтээгдэхүүнээ экспортод гаргах үед биржээр арилжаалах боломжтой болно