Дэлхийн зэсийн импортын зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс стратегийн нөөцөөсөө зарим түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр болсон тухай зарлаж (2021.06.16) байна. Энэ нь зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг бууруулах зорилготой. Үүнд зэс, цайр, хөнгөн цагаан багтана. 2010 оноос хойш Хятадын Засгийн газрын хийж буй анхны алхам гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, нэг тонн нь 9427 ам.долларт хүрлээ. Тодруулбал зургадугаар сар гарсаар зэсийн ханш Лондоны металын бирж дээр 7.7%-иар буурчээ.
Нөгөөтэйгүүр, нэгдүгээр эдийн засагтай улс болох АНУ-ын төв банк бодлогын хүүгээ тооцоолж байснаас эрт нэмэгдүүлэх шинжтэй болж ирснийг шинжээчид сануулж байна. Уг таамаг нь ам.долларын ханшийг нэмэгдүүлж эхэлжээ. Чухамдаа эдгээр мэдээлэл нь зах зээлд ханш буурах нөхцөл болж байна.
Зэсийн ханш буурч эхэлснээр гол олборлогчдын хувьцааны ханш ч доошлох хандлагатай байна. “Туркойз Хилл Ресурс”-ийн (NYSE: TRQ) хувьцааны ханш сүүлийн таван өдөр 6.6%-иар буурч 16.07 ам.долларт хүрчээ.
Хятад улс үндсэндээ 2 сая тонн цэвэр зэс нөөцөлсөн гэсэн таамгийг Citigroup дэвшүүллээ. Энэ нь тус улсын хоёр сарын хэрэглээтэй дүйцнэ.
Б. Төгс