Гаалийн хяналтын бүс Цагаан хаданд тэг зогсолт хийж, ирэх долдугаар сарын эхэн хүртэл Гашуунсухайт боомтоор нүүрс нэвтрүүлэхгүй болсныг "Баянзам тээвэрчдийн холбоо" мэдээллээ. УОК-ын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалсан Ажлын хэсэг Цагаан хаданд ажиллаж “Баянзам тээвэрчдийн холбоо", тээвэрчдийн төлөөлөлтэй хамтарсан уулзалт хийж дараах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, нөхцөл байдалтай Ажлын хэсэг танилцсанаар Цагаан хаданд байгаа тээвэрчдийг нэгдсэн журмаар буцаахаар болжээ. Үүний зэрэгцээ тухайн бүсэд тэг зогсолт хийж байна.
Мөн Автотээврийн үндэсний төвөөс хүн тээврийн автобус гаргаж жолооч нарыг тээвэрлэх хураамжийн үнэ хүн тус бүр 80 мянган төгрөг байх ажээ. Түүнчлэн, ачаатай болон тайван зогсоолд байгаа машинуудыг татан авах ажлыг зохион байгуулахыг тээврийн компаниудад Ажлын хэсгээс үүрэг болгожээ.
Хятад улсын тал долдугаар сарын 6-ныг хүртэл Монголын нүүрс тээврийн машинуудыг Ганцмод боомтоор нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Энэ хугацаанд хоёр улсын хилийн орчим дахин “Ногоон бүс”-ийг зохион байгуулахаар Ажлын хэсэг төлөвлөжээ.
Ийнхүү удаан царцсан тээврийн асуудал төр засгийн анхааралд орж шийдэгдэн, тээвэрчид гэртээ харих боломжтой болсныг “Баянзам тээвэрчдийн холбоо” мэдээллээ.