Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Эрдсийн зах зээлд ханш түүхэн дээд амжилтыг шинэчиллээ

The Mongolian Mining Journal /May.2021/


Б.Төгс

Хямралын дараах аливаа сэргэлтийн үед эрдэс түүхий эдийн ханш огцом өсдөг гэсэн логик бий. Үүний зэрэгцээ ногоон шилжилттэй холбоотой хөтөлбөр, зорилтууд дэлхийн хүчирхэг улс орнуудын бодлогын баримт бичигт тод сийлэгдэх болов. Гэхдээ эрдсийн супер цикл үнэхээр ирсэн үү гэдэгт шинжээчид хоёрдмол байр суурьтай   ч тэдгээрийн дийлэнх нь зэсийн тухайд өөдрөг ирээдүй айсуй гэсэн нэгдмэл санааг илэрхийллээ. Энэ нь мэдээж Монгол шиг зэсийн баяжмал, тунгаасан зэс экспортлогч орны хувьд ашигтай тусна. Тэгвэл ганцхан зэс гэлтгүй цагаан тугалга, төмрийн хүдрийн тухайд түүхэн дээд ханшийн түвшинг тавдугаар сард тогтоолоо. Дээд амжилтаа шинэчлэн тогтоогоогүй боловч хөнгөн цагаан, цайр, хар тугалга, никель гээд голлох металууд бүгд ханш нь өсөлттэй байна. Гэхдээ Хятадын талаас түүхий эдийн үнийн өсөлтийг хазаарлаж, тогтворжуулах арга хэмжээ авах тухай зарласан нь зэс, хөнгөн цагаан, цайрын ханшийг бууруулах шинжтэй байна. Дээр нь АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаа дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулсан санхүүжилтийн хэмжээгээ 2.3 их наяд орчим ам.доллар байсныг 1.7 их наяд доллар болгож бууруулах санал гаргажээ. Харин үүнийг Сенатад суух Бүгд найрамдах намын төлөөллүүд эсэргүүцэж, илүү ихээр бууруулахыг хүсч байна. Эдгээр мэдээлэл нь эрдэс түүхий эдийн ханшид сайнгүй нөлөөлөл үзүүлж байгаа нь тодорхой. 

Хятад  түүхий эдийн хамгийн том худалдан авагчийн үүднээс зах зээлд оролцдог. Тиймдээ ч аливаа ханшийн өсөлт нь худалдан авагч талд аятай сайхнаар мэдрэгдэхгүй. Түүхий эдийн ханшийн огцом өсөлт нь  Хятадын эдийн засгийн тэлэлтэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж тус улс үзэж байгаа ажээ. Гэхдээ зах зээлд үнэ буурахын тулд нэг бол Хятадын эдийн засгийн өсөлт саарах, эсвэл голлох нийлүүлэгчид болох Австрали, Өмнөд Америкийн олборлогчдын нийлүүлэлт саатах шаардлагатай. Харин одоо бол Хятад улс эдийн засгийн өсөлтөө 6% буюу түүнээс дээгүүр түвшинд барьж, дээр нь цар тахлын дараах сэргэлтийн үед дэлхийн бусад улс орны түүхий эдийн эрэлт нэмэгдэж байгаа цагт ханшийг хэрхэн тогтворжуулах нь сонирхол татаж байна. Өөрөөр хэлбэл цар тахлын жил буюу 2020 онд Хятадын сэргэлт түүхий эдийн зах зээлийг унагачихалгүй шиг “аварсан”. Тэгвэл 2021 онд Хятад бус, бусад голлох орон эрэлтийн өсөлтийг авчирч, ханш өсөх шалтгаан болох ажээ. 

Зэс “шинэ амжилт”-аа тэмдэглэв

Зэсийн ханш тавдугаар сарын 7-нд түүхэн дээд хэмжээ болох 2011 оны амжилтыг эвдсэн. Улмаар тавдугаар сарын 10-нд дахин дээд амжилтыг шинэчлэн тогтоож Лондоны металын бирж дээр 10724.5 ам.доллар/тонн-д хүрсэн. Харин Хятадын Засгийн газар түүхий эдийн ханшийг тогтворжуулах бодлого баримтлах тухай зарламагц Лондоны металын бирж дээр зэсийн ханшийн муруй 9868 ам.доллар/тонн руу (2021.05.24) доошилжээ. 
 
Гэхдээ зэсийн үнэ  ирэх саруудад 13 мянган ам.долларт хүрэх боломжтой ажээ. Учир нь цар тахлын дараах эдийн засгийн идэвхжил нь эрэлтийг нэмэгдүүлэхээс гадна зэсийн агуулах дахь нөөц бага байгаа нь уг таамгийг нөхцөлдүүлэх ажээ. 
“Bank of America”-ийн мэдээлснээр энэ онд дэлхийн зах зээлд 186 мянган тонн зэсийн нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй төдийгүй уг үзүүлэлт/хомсдол 2022 онд 369 мянган тоннд хүрэх ажээ. u Харин түүний дараагийн жилүүдэд нийлүүлэлт эрэлтээ давах төлөвийг илэрхийлжээ. Хэрэв зэсийн зах зээлд хаягдал зэсийн нийлүүлэлт нэмэгдэхгүй аваас цаашид зэсийн агуулах дахь нөөц дундарч ханш магадгүй 20 мянган ам.долларт хүрэхийг ч үгүйсгэхгүй гэж тус банк тайлбарлав. 

Тэгвэл Олон улсын зэсийн судалгааны группын мэдэгдсэнээр  энэ онд,  дараагийн жилүүдэд зэсийн нийлүүлэлт эрэлтээ давах төлөвтэйг мэдээлжээ. Учир нь энэ онд дэлхийн зэсийн олборлолт 3.5%-иар, ирэх онд 3.7%-иар тус тус өсөх ажээ. Улмаар 2021 онд дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл 79 мянган тонн, ирэх онд 109 мянган тоннд хүрэхээр байгааг тус байгууллага тооцоолсон байна.

Энэ хооронд дэлхийн зэсийн голлох олборлогч Чилийн төр засаг зэсийн борлуулалтад ногдуулах өсөн нэмэгдэх роялтийн хэмжээг санаанд оромгүй түвшинд хүргэх хуулийн төслийг батлуулахаар зэхэж байна. Ингэснээр зэсийн борлуулалтад ногдуулах нийт роялтийн түвшин 75%-д хүрэхээр байна. Уг хуулийн төсөл нь хүчин төгөлдөржвөл хамгийн ойрын хугацаагаар бодоход 2024 оноос бодитоор хэрэгжих боломжтой ажээ. Учир нь гадаадын хөрөнгө оруулалттай уурхайнууд тогтворжуулалтын гэрээтэй  бөгөөд тэдгээр уурхайн гэрээний хугацаа эхнээсээ 2024 оноос дуусгавар болох юм. Нөгөөтэйгүүр уг санал Сенат дээр гацаж магадгүй байна. Ямартай ч, хуулийн төсөл батлагдвал Чилийн зэсийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татрах аюултай гэж шинжээчид тайлбарлалаа. 

Зэсийн ханш нэмэгдэхэд дан ганц зах зээлийн орчин төдийгүй ам.долларын ханш суларч байгаа нь нөлөөлж байна. 
Гэхдээ Хятадын талаас ямар нэг байдлаар түүхий эдийн ханшийн өсөлтийг тогтворжуулахаар хөдөлнө гэдгээ мэдэгдсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын зэсийн импорт өмнөх сарынхаасаа 12.2%-иар буурч 484.9 мянган тоннд хүрсэн байна. Учир нь зарим үйлдвэрүүд түүхий эдийн ханш өссөний улмаас үйлдвэрлэлээ бууруулж, бараа татан авах хугацааг хойшлуулжээ. 
Өнгөрсөн оны гуравдугаар сард зэсийн ханш 5000 ам.доллар/тонн-ын шугамаас доош орсон бол он гарсаар 10 мянган ам.доллар давж өсөөд байгаа билээ. Үүнд Хятадын худалдан авалт голлон нөлөөлсөн гэж хэлж болно. Тус улс нийтдээ 4.4 сая тонн цэвэр зэс 2020 онд импортолсон нь өмнөх оныхоосоо 38%-иар буюу 1.2 сая тонноор өссөн байна. Хятадын хувьд ханшийг тогтворжуулахад нэг асуудал тулгарч болзошгүй. Хэрэвзээ эрэлтийг бууруулах ямар нэг арга хэмжээ авах тохиолдолд тэр нь эдийн засгийн өсөлтийг боомилох эрсдэлтэй.

Чилийн хувьд асуудал дан ганц роялти өсгөх хуулийн төслөөр хязгаарлагдахгүй. Учир нь тус улсын Эскондида, Spence зэрэг уурхайн ажилчид ажил хаяхад бэлдэж байгаа ажээ. 
2019 онд уурхайг алсаас удирдах төв буюу үйл ажиллагааны нэгдсэн төв (IOC) нь Чилийн нийслэл Сантьягод байгуулагдахад “BHP” компани хэдэн арван ажилтныг халж, хэсэг хугацааны дараа тэдгээрийг бага цалин, урамшуулалтайгаар эргүүлэн ажилд авч байжээ. Уг явдлыг залруулахаар ажилтнууд компанитайгаа хэлэлцээрт орсон ч, талуудын хэлэлцээ мухарджээ. Иймд уурхайг алсаас удирдах төвийн ажилтнууд ажил хаях дээр тулсан байна. Одоогоор ийм ажил хаялт нь Чилийн зэсийн уурхайн олборлолтод яг хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. 

Эдгээр хоёр уурхайн олборлолтыг нэгтгэж авч үзвэл Чилийн нийт зэсийн олборлолтын 20%-ийг эзэлдэг байна. 
“BHP”-ийн хувьд цар тахлын үед уурхайн үйл ажиллагааг явуулахдаа шаардлагагүй үйл ажиллагааг бууруулж, уурхайн талбай дээр ажиллах ажилтнуудын тоог бууруулах зарчмаар гарцаа хэвийн хэмжээнд авч явжээ. Энэ нь нэг талаасаа уурхайчдын хувьд ажлын байрны тогтвортой байдалд санаа зовних шалтгаан болж байна. Уг мэдээлэл цацагдсанаар Лондоны металын бирж дээр зэсийн ханш түүхэн дээд хэмжээнд хүрэх нэг шалтгаан болсон (10747.5 ам.доллар/тн). Ингэснээр он гарсаар Лондоны металын бирж дээр зэсийн ханш 40%-иар, өнгөрсөн оны гуравдугаар сарын доод түвшнээс даруй 130 орчим хувиар өссөн. 
Хятадын Засгийн газрын үнэ тогтворжуулах арга хэмжээний тухай мэдээлэл нь зах зээлд ханш буурах уур амьсгал төрүүлж байгаа ч, зэсийн өөдрөг төлөв ганцхан мэдэгдэлд сарнихгүй гэдэгт шинжээчид итгэж сууна. 


62%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 218.38 ам.доллар/тонн-д хүрч (2021.05.12)  түүхэн дээд амжилт тогтоолоо. Төмрийн хүдрийн ханш өсч буй нь дэлхийн импортын зах зээлийн дийлэнх эрэлтийг бүрдүүлэгч Хятадын эрх баригчдын эгдүүцлийг төрүүлж байна. Тавдугаар сарын 23-нд Хятадын төрийн захиргааны таван байгууллага болон ган, төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагааны салбарынхныг оролцуулсан хурал болсон байна. Хурлын үеэр үнэ тогтворжуулахад чиглэсэн асуудлыг ярилцжээ. Маргааш нь Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос цаашид үнийг зохиомлоор өсгөх, түүхий эд худалдааны компаниуд нийлж үгсэн хуйвалдах зэрэг хууль зөрчсөн аливаа үйлдэл хийхгүй байхыг анхааруулжээ. Улмаар Хятадын Засгийн газар түүхий эдийн шууд худалдаа болон гэрээт худалдаанд хяналт тавихаар болжээ.  Нэг үгээр тус байгууллага ирэх таван жилд гол түүхий эдийн ханшийн савлагаанаас хамгаалах бодлого баримталж ажиллах ажээ. Уг мэдээлэл цацагдсанаар Хятадын дотоодын зах зээлд арматурын үнэ 3.6-3.9% болон төмрийн хүдрийн үнэ 5.2%-иар буурчээ. Төмрийн хүдрийн томоохон олборлогчдын хувьцааны ханш ч биржүүд дээр доошилсон. Хятад улс  үнэ тогтворжуулахын тулд гангийн экспортыг бууруулахаар аль хэдийнэ хөдөлсөн. Тухайлбал дөрөвдүгээр сард тус улс 146 төрлийн ган бүтээгдэхүүний экспортод НӨАТ-ын буцаалт хийхгүй байхаар тогтсон. Энэ нь гангийн экспортыг хазаарлах зорилготой. Мөн ган бүтээгдэхүүн, хаягдал төмрийн импортод ногдуулдаг татварыг бууруулсан. Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны таван жилийн төлөвлөгөөнд Австрали болон бусад орноос импортлох төмрийн хүдрийн хэмжээг тал орчим хувиар бууруулах зорилт тусгалаа олсныг “Australian Financial Review” мэдээлжээ. Улмаар цаашид ОХУ, Мьянмар, Казахстан, Монгол зэрэг орноос импортын хэмжээгээ нэмэгдүүлэхээр ажиллах ажээ. Нөгөөтэйгүүр Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо дотоодын болон хилийн чанад дахь төмрийн хүдрийн нөөц илрүүлэх ажлыг эрчимжүүлэхийн сацуу дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр ажиллах ажээ. Хятад  дотоодын олборлолтоо дэмжиж байгаа ч олборлолтын өртөг өндөр төдийгүй хүдрийн ядуу агуулга нь сул тал болдог. 

Хятадын хувьд иймэрхүү бодлого явуулж буй нь үндсэндээ Австралийг онилсон гэлтэй. Өнгөрсөн онд Хятад улс Австралиас долоон төрлийн бараа бүтээгдэхүүнийг (зэсийн баяжмал, дарс, дүнз/ гуалин, хавч, арвай, элсэн чихэр, нүүрс) импортлохгүй байхаар тогтсон ч төмрийн хүдрийг хоригт оруулалгүй үлдээсэн. Учир нь Австралийн хувьд Хятадын төмрийн хүдрийн нийт импортын 60%-ийг хангадаг бол Хятад улс нь Австралийн төмрийн хүдрийн 70%-ийг худалдаж авдаг байна. 
Австрали 2018 наймдугаар сард Хятадын Хуайвэй компанийн 5G системийг улсдаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан.  Мөн ондоо АНУ-тай хамтарсан цэргийн бааз Папуа Шинэ Гвинейд байгуулах шийдэлд хүрсэн юм. 

Цар тахлын гарал үүслийн талаар судлахыг Австрали улс 2020 онд уриалсан зэрэг нь Хятадын “тунирхлыг” улам бүр төрүүлсэн. Улмаар Австрали нь АНУ, Энэтхэг, Японы хамтарсан “Малабар” тэнгисийн цэргийн сургуулилтад 2020 оны арваннэгдүгээр сард нэгдсэн нь хоёр улсын харилцааг сэргэх боломжийг нэгмөсөн үгүй хийсэн байж болох талтай.  Одоо хоёр улсын хооронд төмрийн хүдэр дээр томоохон худалдаа хүссэн хүсээгүй өрнөж байна. Ган байхгүй бол эдийн засгийн тухай ярих нь утгагүйг бүгд мэднэ. 
Хятад өнгөрсөн дөрөвдүгээр сард 98.57 сая тонн төмрийн хүдэр импортолсон бөгөөд энэ нь өмнөх сарынхаасаа 3.5%-иар буурсан үзүүлэлт боллоо. Энэ нь тус улс руу экспортлогчдын нийлүүлэлт саатсантай холбон тайлбарлалаа. Оны эхний дөрвөн сарын байдлаар Хятад улсын хэмжээнд нийтдээ 381.98 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 6.7%-иар өссөн дүн болж байна. 
Дөрөвдүгээр сарын тухайд Австралийн төмрийн хүдрийн бүс нутгийг дайрсан хар салхины улмаас нийлүүлэлт саатсан. Томоохон олборлогч Бразилийн тухайд оны эхний улиралд мөн хүчтэй аадар бороо орсны улмаас тээвэрлэлт удааширсан. Эдгээр хүчин зүйл нь төмрийн хүдрийн зах зээлд ханш өсөх хүчин зүйл болсон.  Өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлхийн хэмжээнд нийтдээ 169.5 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 23.3%-иар өсчээ. 

Хятадын ган үйлдвэрлэгчид оны хоёрдугаар хагаст үйлдвэрлэлийн бууралт тохиож болзошгүй байгааг Австралийн олборлогчдод дамжуулсан. Агаарын бохирдол, агаарт дэгдэх хүлэмжийн хийг бууруулах үүднээс гангийн үйлдвэрлэлээ энэ онд бууруулах зорилт тавиад байгаа юм. 
Гэсэн ч Хятадаас бусад орны эрэлт өсч байгаа нь Австралийн олборлогчдод хэрэглэгчийн хүрээгээ тэлэх сайхан боломж олгож байна гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. 
Австралийн төмрийн хүдэр олборлогчид бүтээгдэхүүнээ Хятадаас өөр зах зээлд борлуулах нь алсдаа тус улсын коксжих нүүрсний борлуулалтын шинэ зах зээлийг ч үүсгэж, нэмэгдүүлэх боломжтой ажээ. 
Өнгөрсөн аравдугаар сард Хятад улс Австралиас импортлох нүүрсэнд албан бус хориг тавьсан. Харин аажимдаа уг ээлж төмрийн хүдэр дээр тулгарч болзошгүй байна. Энэ тохиолдолд “Рио Тинто”, “BHP”, “FMG”, “Roy Hill” зэрэг Австралийн томоохон олборлогчдод шинэ зах зээлийн эрэлд мордох зайлшгүй шаардлага үүснэ. Ямар ч байсан Хятад үнэхээр үйлдвэрлэлээ бууруулах тохиолдолд өөр улс оронд тухайн бууралтыг нөхөөд ажиллах орон зай гарч ирж таарахыг зах зээл шинжээчид тэмдэглэв. Үүний зэрэгцээ бусад улс орны гангийн эрэлт нэмэгдэж буй тул олборлогчдод одоохондоо санаа зовох зүйл үүсэхгүй гэж үзэж болохоор байна. 

Хятадын коксжих нүүрсний импортын зах зээлд АНУ “гоцлов” 


“Anglo American” компанийн Гүйцэтгэх захирал Mark Cutifani коксжих нүүрс дараагийн 15-20 жил дэлхийг ногооруулах үйлсийн нэг хэсэг  байх болно гэж мэдэгджээ. Тэрээр “Дэлхийн ган үйлдвэрлэлд коксжих нүүрс хэрэгтэй бол нөгөө талаас дэлхийн улс орнуудад эдийн засгаа нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаас ангижруулахад ган хэрэгтэй” гэж  (Bank of America-ийн уул уурхай, металын салбарын хурал дээр /2021.05.18/) танилцуулсан. Тус компани   эрчим хүчний нүүрс олборлолтын үйл ажиллагаагаа хумьж байгаа ч сайн чанарын коксжих нүүрсний олборлолтоо үргэлжлүүлсээр байх ажээ. “Anglo American” 2035-2040 онд коксжих нүүрс олборлолтоо үргэлжлүүлэх ч түүнээс хойш энэ чиглэлд томоохон олборлогч байна гэж үзэхгүй байгаагаа тайлбарлажээ. Дараагийн 10-15 жилд коксжих нүүрсний хэрэглээг хална гэж ярих нь өөрөө үндэслэлгүй зүйл болохыг тэрээр тэмдэглэжээ.  
 
Хятадын нүүрсний олборлолт оны эхний дөрвөн сарын байдлаар 1.29 тэрбум тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 11.1%-иар нэмэгдсэн байна. Энэ хугацаанд тус улс нийтдээ 90.13 сая тонн нүүрс импортолсон нь 28.8%-иар буурчээ. Сарын дүнгээр авч үзвэл дөрөвдүгээр сард Хятадын нүүрс олборлолт 1.8%-иар буурч 320 сая тоннд хүрчээ. Тоймилж үзвэл Хятад улс нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Хятадын Нүүрсний үндэсний ассоциацийн мэдээлснээр энэ онд тус улсын нүүрсний хэрэглээ болон дотоодын олборлолт аль аль нь нэмэгдэхээр байна. Харин нүүрсний импорт өнгөрсөн оны түвшинд хадгалагдах төлөвтэй. Харин энэ дотроо коксжих нүүрсний импорт өмнөх оныхоос буурч болзошгүй байна. 

Хятадын коксжих нүүрсний импорт дөрөвдүгээр сард 3.48 сая тоннд хүрсэн нь гуравдугаар сарын үзүүлэлт болох 4.91 сая тонноос 29%-иар, өмнөх оны мөн үеийнхээс 44%-иар тус тус буурлаа. Австралийн нүүрсний импортод Хятад улс (албан бусаар) өнгөрсөн оны аравдугаар сард хориг тавьснаар оронд нь ОХУ, АНУ, Канадын тоглогчид өрсөлдөх болсон. Хэдийгээр Монголын тал Хятадын коксжих нүүрсний импортод томоохон үүрэгтэй оролцдог ч  өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ хамгийн том экспортлогч байсныг “Metalbulletin” мэдээлжээ. Дөрөвдүгээр сард АНУ нь Хятад руу 974.7 мянган тонн коксжих нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 10 дахин, өмнөх сарынхаасаа 47%-иар тус тус нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Залгуулаад ОХУ урд хөрш руу 761.3 мянган тонн коксжих нүүрс экспортолсон байна. Харин манай улсын хувьд (Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр) дөрөвдүгээр сард урд хөрш рүү 641.1 мянган тонн нүүрс экспортлоод байна. Харин тавдугаар сарын эхний хагасын байдлаар манай улс Хятад руу нийт 420 орчим мянган тонн нүүрс худалдаалжээ. 

Газрын тосны ханш цаашид улам бүр өсч болзошгүй

Газрын тосны ханш эрэлтийн өсөлтөөр оны дөрөвдүгээр улиралд 80 ам.доллар/баррельд хүрэх тухай “Голдман Сакс” банк тооцоолжээ. Тус банкны тооцооллоор оны эцэс гэхэд газрын тосны эрэлт 4.6 сая баррель/өдрөөр нэмэгдэнэ гэж төсөөлж байна. Ирэх гурван сарын хугацаанд дийлэнх өсөлт явагдана гэж үзжээ.
 Эрчимтэй вакцинжуулалтын нөлөөгөөр цаашид газрын тосны эрэлт нэмэгдэхийн сацуу олборлогч орнуудын нийлүүлэлт харьцангуй тогтвортой хэмжээнд хадгалагдана гэж үзжээ. Хэрэвзээ долдугаар сард Ираны экспорт сэргэнэ гэж үзсэн ч газрын тосны ханшийн өсөлтөд сөргөөр нөлөөлж чадахгүй гэж тус банк тооцоолжээ. 

Ираны зүгээс АНУ-ыг тус улсад тавьсан хоригийг, тэр дундаа газрын тосны салбарт тавьсан хоригийг цуцлахад бэлэн болсныг тавдугаар сарын 20-нд мэдэгдсэн юм. Ираны цөмийн хөтөлбөрийн талаар шинэ яриа хэлэлцээр өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлж, уг асуудалд АНУ, Европын холбоо харьцангуй нааштай хандах болсон. Гэхдээ тохиролцоонд хүрэхэд амаргүй, чухал асуудлууд үлдээд буйг талууд онцолж байна.

Хэдийгээр Өмнөд Ази, Латин Америкт сэргэлт удааширч болзошгүй байгаа ч  АНУ, Европ тэргүүтэй хөгжингүй эдийн засагтай орнуудад эрэлт нэмэгдсэнээр ханш өсөх нөхцөл бүрэлдэнэ гэж үзжээ. 
ОПЕК-ийн орнууд болон ОХУ оны хоёрдугаар хагаст олборлолтоо нэмэгдүүлэхгүйгээр хоёр сар барих тохиолдолд Ираны олборлолт, экспортын өсөлтөөс ирэх нөлөөллийг арилгах боломжтой гэж тус банк тооцжээ.
ОПЕК-ийн хувьд дэлхийн газрын тосны эрэлт энэ онд 5.95 сая баррель/өдөр-өөр өсч 96.46 сая баррель/өдөр-т хүрнэ гэж тооцоолж байна. Эрэлтийн өсөлтийн дийлэнх өрнөл оны хоёрдугаар хагаст явагдах ажээ. Газрын тосны хэрэглээгээр дэлхийд гуравт эрэмбэлэгдэх Энэтхэгийн хувьд цар тахалд нэрвэгдэж буйн улмаас газрын тосны ханшийн өсөлтөд сөргөөр нөлөөлж буй ч тус улсын эрэлт оны хоёрдугаар хагаст эргээд сэргэнэ гэж ОПЕК тооцжээ. Дэлхийн зах зээлд ОПЕК-ийн орнуудаас авах газрын тосны эрэлт энэ онд 27.7 сая орчим баррель/өдөр-өөр хэмжигдэнэ гэж тус байгууллага (2021.05.11) мэдээлсэн нь өмнөх сарын тооцооллоос 200 мянган баррель/өдрөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ нь ОПЕК-ийн орнуудад илүү их олборлолт хийх боломжтой болсныг харуулж байна.