Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр”  ТӨҮГ манлайлав

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг  эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 20 дахь жилдээ хоёр дахь удаагаа цахим хэлбэрээр (2021.06.27)  зохион байгууллаа.

Цахим арга хэмжээний үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Монгол Улсын 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн төлсөн татварын нийт хэмжээ нь 4.2 их наяд төгрөгт хүрч, татварын нийт орлогын 49 хувийг бүрдүүлсэн. Эдийн засаг бизнест үүссэн хүнд нөхцөл байдлын улмаас татвар, санхүүгийн үзүүлэлтүүд буурсан ч ТОП 100 аж ахуйн нэгжүүдэд ажиллагсдын тоо өмнөх жилээс хоёр мянгаар нэмэгдэж 91 мянга хүрсэн нь нийт ажлын байрны 8.1%-тай тэнцэж байна. Өнөөдөр нийгэм, эдийн засагт тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд ТОП 100 аж ахуйн нэгжийн гүйцэтгэх үүрэг оролцооны их үнэ цэнийг эдгээр үзүүлэлтүүд харуулж байна” хэмээн онцоллоо. Түүнчлэн эдгээр аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын хэмжээ нь 32.6 их наяд төгрөг байгаа нь ДНБ-ний 88%-тай дүйцэж байна. 

ТОП 100 аж ахуйн нэгжийг  эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан аж ахуйн нэгжийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн  үзүүлэлтийг чухалчилдаг. 
Монгол Улсын 2020 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл худалдаа, үйлчилгээний салбарын 28 компани, уул уурхай олборлох үйлдвэрлэлийн салбарын 24 компани, газрын тосны хангамжийн 10, барилга замын салбарын 9, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн 9, банк санхүү, харилцаа холбоо, тээвэр ложистикийн салбарын 13, хүнд үйлдвэрлэл, цахилгаан дулааны үйлдвэрлэлийн 7 компани эрэмбэлэгджээ.

Г.Идэр