Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Чингис, Гэрэгэ бондын төлбөрийг дахин санхүүжилтээр шийдвэрлэлээ

Сангийн сайд Б.Жавхлан Чингис, Гэрэгэ бондын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр дахин санхүүжүүлж өрийн зохицуулалтын арга хэмжээг авсан талаар танилцууллаа. “Century” төслийн хүрээнд хугацаа тулаад байсан Чингис болон Гэрэгэ бондын 1.0 тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газар нь олон улс дахь зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглан 600 сая ам.доллартай тэнцэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ.

Монгол Улс 2011-2012 онд эдийн засгийн өсөлт 17.3% болон 12.3%-тай, зээлжих зэрэглэл өнөөгийн түвшнээс 2 зэрэглэл дээгүүр байсан эдийн засгийн оргил үедээ 10 жилийн хугацаатай, 5.125%-ийн хүүтэй, 1 тэрбум ам.долларын Чингис бондыг гаргасан. Энэхүү бондын эргэн төлөлт нь ирэх жил хийгдэх байсан. Энэ удаад Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3%-ийн агшилттай, зээлжих зэрэглэл B түвшинтэй байгаа цар тахлын хэцүү цаг үед бид “Century” төслийн хүрээнд түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр буюу 6 жилийн хугацаатай 3.5%-ийн хүүтэй 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай 4.45%-ийн хүүтэй, 500 сая ам.доллар, нийт 1.0 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттайгаар хэрэгжүүлж, ирэх хоёр жилийн өр төлбөрийг шийдлээ.

Бондын дахин санхүүжилтэд нийт 6.4 тэрбум ам.доллар буюу санал болгосон хэмжээнээс 6.4 дахин илүү саналыг Ази, АНУ, Европын хөрөнгө оруулагчдаас ирүүллээ. Мөн манай улстай ижил зээлжих зэрэглэлтэй улсууд шинээр бонд гаргахад дунджаар 7-8%-ийн хүү төлж байхад манай улс B үнэлгээтэй улсуудаас хамгийн бага буюу 3.5-4.45%-ийн хүүтэйгээр өмнөх бондуудыг дахин санхүүжүүллээ. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдалд итгэх итгэл өндөр байгааг харуулж байна.

Засгийн газар хугацаа тулсан, өндөр дүнтэй гадаад өр төлбөрийг хойшлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх жилүүдэд үүсэх байсан өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барихад эерэг нөлөө үзүүлэх төдийгүй Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахад чухал нөлөөтэй юм.

 

Эх сурвалж: Сангийн яам