Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Төсвийн алдагдлыг ДНБ-ий 3.7%-иар нэмэгдүүлэх тодотголын төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг  (2021.06.29) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн барилаа. Тус төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгааг Х.Нямбаатар сайд танилцуулав. Тус хуулийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн зарим тусгай шаардлагыг хойшлуулан мөрдөж байгаа юм. Үндэсний статистикийн хорооноос 2021 оны эхний улирлын эдийн засгийн бодит өсөлт 15.7%-д хүрснийг зарласан бөгөөд цар тахлын үед эдийн засгийн идэвхжлийг дэмжсэн төсөв, мөнгөний бодлогын нөлөөгөөр эдийн засгийн бодит өсөлт 2021 оны эцэст 6.5%-д хүрэхээр хүлээгдэж байгаа юм. Мөн олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийг 2021 онд 5-6 орчим хувиар өсөхөөр төсөөлж байна.

Хуулийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9 дэх хэсэгт заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2020 онд 12.5%-иас, 2021 онд 8.8%-иас, 2022 онд 5.1%-иас, 2023 онд 3.6%-иас, 2024 онд 2.8%-иас тус тус хэтрүүлэхгүй, 2025 оны төсвийн жилээс эхлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байхаар, 19.3 дахь хэсэгт заасан өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2021 болон 2022 оны төсвийн жилд 70 хувиас, 2023 оны төсвийн жилд 65%-иас, 2024 оны төсвийн жилээс эхлэн 60%-иас тус тус хэтрүүлэхгүй байхаар тусгасан байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 11,797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.9%, нийт зарлагын дээд хэмжээг 13,951.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.0%, хөрөнгийн зардлын хэмжээ 3,540.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.4 хувь, нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээ 1,363.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.2% байхаар тус тус тооцож, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,153.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1%-ийн алдагдалтай байхаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсан.

Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ийн цар тахлын улмаас эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас саарч, макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн төсөөлөлд өөрчлөлт орохоор байна. Мөн Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах зарим арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг тусгах, Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолд заасны дагуу төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, зардлыг хэмнэх зэрэг томоохон бодлогын өөрчлөлтүүдийг 2021 оны төсөвт тусгах зайлшгүй шаардлага үүссэн байна. Эдгээр бодлогын өөрчлөлтүүдийг төсөвт тусгаснаар 2021 оны төсвийн алдагдал ДНБ-ий 3.7%-иар нэмэгдэж ДНБ-ий 8.8%-тай тэнцэх юм байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдал, үндэслэл шаардлагын дагуу холбогдох өөрчлөлтийг хийж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ

 

Эх сурвалж: Сангийн яам