ОХУ-ын Алс Дорнодын чиглэлийн төмөр замын хоёрдугаар үе шатны өргөн шинэчлэх хөтөлбөр эхэлсэн билээ. Энэ хүрээнд, тус бүс нутгаар Хятад улстай хиллэх хуурай боомтуудын төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Энэ тухай “Алс Дорнодын эрчим хүч” хурлын үеэр мэдээлжээ.
Тухайлбал, Приморийн хязгаарын Махалино-Хуньчунь боомтод ачаа тээврийн терминалын цогцолбор байгуулж байна. Ингэснээр боомтын төмөр замаар нэвтрүүлэх өнөөгийн 2.6 сая тоннын хүчин чадал 8 сая тонн болж нэмэгдэх аж. Тус боомтоор нүүрс, төмрийн хүдэр, зэсийн нунтаг, мод зэрэг бүтээгдэхүүн Хятад руу экспортлохоос гадна Япон, Хойд Солонгосын транзит ачаа барааг нэвтрүүлдэг.
Түүнчлэн, Еврейн автономит мужийн Биробиджан — Ленинск боомтын төмөр замыг өргөтгөх ажил дуусч байна. Ирэх наймдугаар сараас төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Мөн 2020 оны сүүлчээр төмөр замын Курьян — Тында шугамыг барьж ашиглалтад оруулсан байна. 2025 он гэхэд уг шугамын нэвтрүүлэх хүчин чадлыг 54 сая тоннд хүргэх аж. Шугамаас үргэлжлүүлэн “Тында-Комсомольск-Ванино” чиглэлийн 1000 орчим км төмөр зам татах төслийг РЖД хэрэгжүүлэх юм. Энэ нь Якутаас коксжих нүүрсийг Алс Дорнодын боомтууд руу тээвэрлэх үндсэн дэд бүтэц болно.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэдэгдсэнээр, энэ 5 жилд Алс Дорнодын бүс нутгийн нүүрсний экспортыг 4 дахин нэмэгдүүлж 80.4 сая тоннд хүргэх зорилттой.
Э.Од