Өнөөдөр (2021.07.05)АМГТГ-аас шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулав. Хуралд Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр газрын тосны бүтээгдэхүүний импорт, гадаад нөхцөл байдал, үнэ, шатахууны нөөцийн талаар танилцуулга хийлээ. Тэрээр “Манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг тул шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран өргөн хэрэглээний шатахуун болох АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч ирсэн. 2020 оны гуравдугаар сараас хилийн үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт 3 удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан. Өнгөрсөн оны зургаадугаар сараас дэлхийн зах зээл дээрх үнэ өнөөдрийг хүртэл байнга өсөлттэй байсан. Гэсэн хэдий ч Монгол Улсын хэмжээнд 2020 оны тавдугаардугаар хойш Аи-92 төрлийн автобензиний жижиглэнгийн үнийг Улаанбаатар хотод 1450 төгрөгөөр, орон нутагт 1480-1670 төгрөгөөр тогтвортой барьсан” гэв.
Зургаадугаар сарын 29-ний өдрийн байдлаар, Монгол Улс шатахууны ердийн хэрэглээний 31 хоногийн нөөцтэй байна.
• А-80 автобензин- 58 хоног
• Аи-92 автобензин-31 хоног
• Дизелийн түлш- 31 хоног
• ТС-1 онгоцны түлш- 15 хоног
Дотоодод шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан дэлхийн газрын тосны зах зээлийн байдлын талаар мэдээлэл хийжээ. 2021 оны нэгдүгээр сараас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөлттэй байна. “Goldman Sachs” нь энэ оны дунд үеэс газрын тосны үнэ 70 ам.долларт, харин “JPMorgan” оны эцэст 100 ам.долларт хүрч өсөх таамаг дэвшүүлжээ. Тавдугаар сард Олон улсын Эрчим хүчний агентлагаас газрын тосны зах зээлийн тоймоо шинэчлэн тооцсон ба 2021 оны газрын тосны эрэлтийн таамгийг өдөрт 270 мянган баррелиар бууруулсан байна. Энэ нь АНУ, Европын орнуудад газрын тосны хэрэглээ эхний улирлын хүлээлтээс бага, БНЭУ-д газрын тосны хэрэглээ ихээхэн хумигдсантай холбоотой аж. ОПЕК-ийн болон хараат бус гишүүн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх, Ираны хориг арга хэмжээ цуцлагдах, газрын тосны томоохон олборлогч орнуудын эдийн засаг тогтворжих зэрэг нөхцөлд зах зээл дээр газрын тосны үнэ буурах боломжтой юм. Дэлхийн эдийн засаг 2020 оны хямралаас өндийж байгаа ч энэ онд хямралын өмнөх түвшингээс доогуур байна гэж ОПЕК үзжээ. Зургаадугаар сарын 28-ны өдрийн байдлаар, Орос улсад Аи-92 автобензин 1950 төгрөг, дизель түлш 1918 төгрөгийн үнэтэй байна. Харин Хятад улсад Аи-92 автобензин 3274 төгрөг, дизель түлш 2887 төгрөг тус тус үнэтэй байгаа аж. Тус улсад он гарснаас хойш нийт 12 удаа түлшний үнээ нэмжээ.
Эх сурвалж: АМГТГ