Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад гангийн хуучирсан үйлдвэрүүдийг орлох 9 төслийг баталжээ

Хятадын Засгийн газраас 2022-2024 онд төмөрлөгийн салбарт хэрэгжих төслүүдийн жагсаалтыг шинэчлэн (2021.07.01) баталсан тухай “S&P Global Platts” мэдээлжээ. Шинээр 9 төсөлд зөвшөөрөл олгосон байна. Бүх төсөл нь хуучирсан үйлдвэрүүдийг солих зарчмаар хэрэгжих юм. Тухайлбал, томоохон аж үйлдвэрлэл төвлөрсөн, агаарын бохирдол ихтэй Бээжин, Тянжин, Хэбэй, Гуанжоу, Шанхай зэрэг бүс нутагт жилийн 1 сая тонн хүчин чадалтай үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхдээ 1.5 сая тонн хүчин чадалтай хуучин үйлдвэрийг хаана гэсэн үг. Бусад мужид энэ харьцаа 1:1.25 байх аж.

Эдгээр шинэ төслийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хуучин үйлдвэрүүдийг хааснаар 2022-2024 онд гангийн үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 200 мянган тонноор танагдах таамгийг “Platts Analytics”-аас гаргажээ.      

Тэгвэл өнөөгийн байдлаар хэрэгжилтийн шатандаа яваа төслүүд төлөвлөгөөт хугацаандаа буюу 2021 онд ашиглалтад орсноор Хятад улсын гангийн үйлдвэрлэл  33 сая тонноор нэмэгдэх төлөвтэй. 

“Platts Analytics”-ийн судалгаагаар, энэ оны эхний хагаст тус улсын гангийн үйлдвэрлэл 9 сая тонноор нэмэгдэж нийт хүчин чадал 1.26 тэрбум тоннд хүрчээ. Хэдийгээр хуучирсан үйлдвэрүүдийг хаах бодлого хэрэгжүүлж байгаа ч 2022 онд Хятадын гангийн үйлдвэрлэл өсөх магадлалтайг “S&P Global Platts” дэвшүүлж байна. 

2020 онд Хятад улсын гангийн үйлдвэрлэл өмнөх оныхоос 7%-иар нэмэгдэж 1.065 тэрбум тоннд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлтээр тооцогдож буй юм.   

Э.Од