Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“ОПЕК+” орнууд тохиролцоонд хүрч чадахгүй байна

Газрын тосны олборлогч “ОПЕК+”-ийн гишүүн орнуудын Сайд нарын уулзалт даваа гаригт (2021.07.05) болох байсан ч цуцлагджээ. Наймдугаар сарын олборлолтын хэмжээг гишүүн орнууд зургаадугаар сарын 30-наас долдугаар сарын 1-ний хооронд тохирох ёстой байв. Гэвч гурав дахь өдрөө тохиролцоонд хүрч чадахгүй байгааг албаныхан мэдээлсэн байна. Шалтгаан нь Саудын Араб, АНЭУ-ын санал зөрөлдсөн нь хэлэлцээрийг саатуулжээ. Шинэ уулзалтын тов тодорхойгүй байгаа аж. Уулзалт цуцлагдсаны дараа Brent маркийн газрын тосны үнэ 77 ам.доллар хүрч өссөн бөгөөд энэ нь 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр ханшид тооцогдож байна. 

“ОПЕК+”-ийн өмнөх уулзалт зургадугаар сарын 1-нд болсон юм. Тухайн өдөр ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак, газрын тосны үнэ сүүлийн хэдэн сарын хугацаанд тогтвортой байгаа талаар мэдэгджээ. Гэхдээ зах зээл дээр тодорхойгүй байдлын эрсдэл байсаар байгааг анхаарч үзэх хэрэгтэйг тэрээр онцолсон байна. Өнгөрсөн жилийн хямралын үетэй харьцуулахад энэ онд газрын тосны эрэлт нэмэгдэж түүхий эдийн үнэ тогтвортой байгаа ч өдөрт 2 сая баррель нефтийн хомстолтой байгааг Оросын сайд анхааруулжээ. Түүний хувьд, энэ онд газрын тосны эрэлт 5-5.5 сая баррель/өдөр-өөр өснө гэж таамаглаж байна. 

2021 оны эхний хагас жилд газрын тосны үнэ 44-52%-иар нэмэгджээ. Ийм өсөлт 2009 оноос хойш анх удаа тохиож буйг шинжээчид онцолж байна. КОВИД-19 цар тахлын улмаас үнэ буурч, газрын тосны эрэлт багассантай холбоотой “ОПЕК+”-ийн гишүүн орнууд өдөрт олборлох хэмжээгээ 2020 оны тавдугаар сараас хойш 9.7 сая баррелиар бууруулжээ. Нөхцөл байдал харьцангуй тогтворжсон тул олборлогч орнууд хязгаарлалтад тохируулга хийсэн бөгөөд 2021 оны долдугаар сарын байдлаар өдөрт 5.76 сая баррель болсон байна. 

Э.Од