Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монгол Улс зургадугаар сард 653 мянган тонн нүүрс экспортлов

Оны эхний хагас жилийн байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.37 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 39.4%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Экспорт 4.11 тэрбум ам.долларт хүрч 45.4%-иар, импорт 3.26 тэрбум ам.доллар буюу 32.6%-иар тус тус өссөн байна. Ийнхүү гадаад худалдааны тэнцэл 850.2 сая ам.долларын ашигтай гарлаа.

Оны эхний хагас жилд түүхий эдийн ханш өссөнтэй холбоотой эрдсийн экспорт нэмэгджээ. Эрдсийн экспортод орлогын дүнгээр зэсийн баяжмал тэргүүлж байна. Мөн хугацаанд манай улс 615 мянган тонн баяжмал гадагш нийлүүлж 1.3 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жингийн хувьд 9%-иар буурсан ч орлогоор даруй 77%-иар өссөн дүнтэй байна. Тунгаасан зэсийн экспортын тухайд ч ханшийн өсөлтийн нөлөөгөөр экспортын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65%-иар нэмэгджээ.

Эхний зургаан сард 9.3 сая орчим тонн нүүрс экспортолж 1 тэрбум ам.долларын орлого бүрдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт боллоо. Тодруулбал жингээр 7.3%-иар, орлогын дүнгээр 50 орчим хувиар ахиу дүнтэй байна. Гэсэн ч сарын дүнгээр авч үзвэл нүүрсний худалдаа мэдэгдэхүйц буурчээ. Зургадугаар сард 652.6 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн сартай харьцуулахад 72.4%-иар, өмнөх тавдугаар сарынхаас 50.6%-иар бага аж. Дотоодод халдвар төдийлөн буурахгүй байгаагаас үүдэн нүүрсний хил нэвтрэлт удаашрах болсон юм.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Төмрийн хүдэр, газрын тосны экспорт хамгийн өсөлттэйд тооцогдож байна. Тухайлбал төмрийн хүдрийн экспорт тайлант хугацаанд 4.03 сая тоннд хүрсэн нь жингээр буурсан үзүүлэлт боловч орлогын дүн 94.5%-иар өсч 551 сая ам.доллартай тэнцжээ. Газрын тосны экспортын орлого эхний хагас жилд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 395.6%-иар дээшилж 168.3 сая ам.доллар олжээ. Энэ хугацаанд манай улс 2.86 сая баррель нефть экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 200.5%-иар нэмэгдсэн байна.

Бусад эрдсийн тухайд алтны экспортыг эс тооцвол эхний хагас жилд жонш, цайр, молибден, хар тугалгын экспортын орлого бүгд өсөлттэй гарлаа.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

 

Б.Төгс