Г.Идэрхангай
Уул уурхайн салбар “Олборлолтоос боловсруулалтын үе шат руу шилжиж байна” хэмээн Засгийн газраас томьёолж, энэ чиглэлд бодлогын олон арга хэмжээг авч буй. Өнгөрсөн цаг хугацааг эргэн харахад ашигт малтмалын түүхий эдийг экспортлоход түлхүү анхаарч, харин боловсруулалтдаа маруухан хандаж иржээ гэсэн үг салбарын сайдын илтгэлд саяхан дурдагдсан. Мэдээж хэрэг, энэ нь салбараа тоймлож харсан үг байх. Гэхдээ 2011 оны зургадугаар сарын 11-ний өдөр Монголын хувийн хэвшлийн төдийгүй дотоодын уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийн түүхэнд цоо шинэ хуудсыг “Энержи Ресурс” компани нээсэн юм.
Энэ бол Ухаахудагийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлт. Баяжуулах үйлдвэрийн 10 жилийн ой энэ зургадугаар сард тохиож байна. Хэдийгээр Ковид-19 цар тахлын халдварын нөхцөл байдал хүндэрсэн, улс орны эдийн засаг амаргүй байгаа энэ үед Монголд анхны нойтон аргаар баяжуулах үйлдвэрийг байгуулсан “Энержи Ресурс”-ынхэн тэмдэглэлт өдрөө тун даруухан өнгөрүүлж байна. Дэлхийн ашигт малтмалын зах зээлд “Супер цикл” тохиосон тэртээх арван жилийн өмнө байгуулагдсан энэхүү Нүүрс баяжуулах үйлдвэр эдүгээ мөн л супер циклийн шинэ давлагаанд “10 насны төрсөн өдөр”-өө тэмдэглэж буй нь энэ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Ухаахудагийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн хамт олонд илгээсэн мэндчилгээндээ “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нийцсэн үйл ажиллагаа явуулж манай улсад анхны Нүүрс баяжуулах үйлдвэрийг барьж, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад зах зээлд борлуулахын зэрэгцээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсанд талархаж байна” гэжээ. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг 2014 онд батлагдсан бөгөөд үүнээс дөрвөн жилийн өмнө “Энержи Ресурс”-ийнхэн боловсруулалтын үе шат руу бусдыг түүчээлэн зоримог дэвшин орсон билээ. Хувийн хэвшил өөрийн хөрөнгө оруулалтаар боловсруулах үйлдвэр байгуулж, гадаад зах зээлд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдгийг энэ жишээ харуулсан юм.
Тус үйлдвэр нь (нэг бүр нь) жилд 5 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадал бүхий гурван модультай. Нэгдүгээр модуль 2011 онд, хоёрдугаар модуль 2012 оны дөрөвдүгээр сар, гуравдугаар модуль 2013 оны зургадугаар сард тус тус ашиглалтад орсон. Нийт хөрөнгө оруулалт нь 330 орчим сая ам.доллар гэсэн тооцоо бий. Энэ том бүтээн байгуулалт харьцангуй богино хугацаанд гадаад, дотоодын олон компани, мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр босч ирсэн гэдгийг Ухаахудагийн уурхайн инженерүүд ярьж байна. Нөгөө талдаа Ухаахудаг цогцолборын төслийг эхлүүлсэн цагаас үйлдвэрлэл, нийгмийн дэд бүтцийн бүхий л бүтээн байгуулалтад дан Монгол залуусыг сургаж ажиллуулсан анхны үйлдвэр гэдгээрээ ихээхэн онцлогтой. Тухайлбал, Австралийн “Сежмэн” компани Нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулан эхний хоёр жил менежментийг нь хийхдээ Монголын их дээд сургуулийн шинэхэн төгсөгч олон залуусыг ажилд авч, гадаад дотоодын сургалтуудад хамруулан мэргэжлийн ажилтан болгож хөгжүүлсэн байдаг. Тэд одоо ч ажиллаж байна. “Энержи Ресурс” компани өөрийн мэргэжилтнээ бэлтгэх арга туршлага ч үүнд асар их нөлөөлсөн. Энэ талаас нь харах юм бол монголчууд ч шинэ цагийн өндөр технологи бүхий бүтээн байгуулалтад хэнээс ч дутахгүй оролцож чаддагийг харуулсан нь Ухаахудагийн Нүүрс баяжуулах үйлдвэр. Өдгөө тус үйлдвэр 150 гаруй ажилтантай.
2017 оны арванхоёрдугаар сарын 30-нд Ухаахудагийн Нүүрс баяжуулах үйлдвэр 40 сая дахь тонн нүүрсээ хүлээн авч баяжуулсан түүхэн өдөр тохиосон. Тэгвэл ашиглалтад орсноосоо хойш арван жилийн хугацаанд нийт 69.5 сая тонн түүхий нүүрс баяжуулж, 34.6 сая тонн баяжуулсан коксжих нүүрс, 13 сая тонн баяжуулсан эрчим хүчний нүүрс гарган авчээ.
Түүнчлэн Нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэд Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг тусгайлан байгуулж, үйлдвэрээс гарч байгаа нүүрсний лаг хаягдлаас усыг шавхсанаар усны дахин ашиглалтыг 95-98%-д хүргэжээ. 2018 онд үйлдвэрт нэмэлт хөрөнгө оруулалт хийснээр ийм үр дүн гарсан юм. Мэргэжилтнүүдийн хэлснээр, Нүүрс баяжуулах үйлдвэрт цаашид анхаарах технологийн сайжруулалтын асуудлууд бий аж.
Өөрөөр хэлбэл, “Сежмэн” компанийн ТЭЗҮ-ийн дагуу үйлдвэрийн нийт түүхий нүүрсний 75% нь том, 16% нь нарийн, 9% нь хэт нарийн ширхэглэлтэй хэсгүүдэд хуваарилагддаг байхаар тооцоолсноос одоогийн байдлаар нүүрсний шинж чанар, уурхайн олборлолтоос шалтгаалж дээрх харьцаа өөрчлөгдөн нарийн нүүрсний эзлэх хувь ихэсчээ. Иймээс нарийн нүүрсний циклийн өргөтгөл, шинэчлэлт хийх шаардлагатай болжээ. Нарийн болон хэт нарийн нүүрсний эзлэх хэмжээ ихэссэн нь нарийн нүүрсний циклийн хэт ачаалал, ангилалт муу явагдаж бүтээгдэхүүний гарц буурах шалтгаан болж байгааг тус үйлдвэрийн мэргэжилтнүүд хэлж байна. Иймд нарийн нүүрсний тоног төхөөрөмж болон үр ашгийг сайжруулах шаардлагатай болжээ. Гэхдээ энэ бол цэвэр инженерүүдийн шийдлээр хийгдэх ажил. Үр ашгийг сайжруулж илүү сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ч тодорхой.
Өнөөдөр Ухаахудагийн уурхайгаас баяжигдах шинж чанар, коксжих үзүүлэлт, үнсний агуулга зэргээрээ харилцан адилгүй арав гаруй төрлийн нүүрс олборлож байна. Эдгээр нүүрсний чанарын үзүүлэлтүүд хоорондоо ялгаатай тул баяжуулалт хийнэ гэдэг тийм ч амар биш гэдгийг “Энержи Ресурс” компанийн Баяжуулах үйлдвэрийн мастер П.Хадбаатар ярилаа. Гэхдээ эдгээр нүүрсийг боловсруулж, худалдан авагчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд бүх олборлосон нүүрсээ холимог байдлаар үйлдвэрт тэжээж тохирох технологи, процессын дагуу баяжуулж буй аж. Энэ нь олборлоод гаргасан чанарын үзүүлэлт муутай нүүрсийг хамт хольж боловсруулан нэмүү өртөг шингээж байгаа хэлбэр юм. Бусад нүүрсний уурхайтай харьцуулахад Ухаахудагийн нүүрс баяжуулах үйлдвэрлэлд сорчлон олборлох асуудал байдаггүй. Энэ нь баяжуулалт хийж байгаагийн хамгийн том давуу тал юм. Ашигт малтмалын тухай хуулийн “орд газрыг сорчлон олборлож болохгүй” гэсэн заалтыг хэрэгжүүлж байгаа компани бол “Энержи Ресурс”.
Нүүрс баяжуулах үйлдвэр нь тухайн ордын баялгийг бүрэн ашиглах, илүүдэл тээвэрлэлт хийхгүйгээр автотээврийн өртөг ихтэй зардлыг бууруулж, зах зээлийн үнээр нэмүү өртөг шингээж экспортлоход оршиж байдаг. Хэдийгээр олон улсын зах зээлээс хөрөнгө босгож, төслийн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтын асуудлаа шийдсэн ч өнөөдрийн нөхцөлд Монгол орны тээвэр, хилийн боомтын хүчин чадал хангалттай түвшинд хүрч чадахгүй байгаагаас гүйцэтгэл, тээврийн зардал, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, зах зээлийн үнээр борлуулах боломж хязгаарлагдмал хэвээр. Төмөр зам ашиглалтад орсноор уг асуудал шийдэгдэх биз ээ.
Ухаахудагийн Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулагдсанаас хойших арван жилийн хугацаанд манай улсад нойтон аргаар 19 (31.6 сая тонн), хуурай аргаар баяжуулах технологитой 10 (13.7 сая тонн) үйлдвэр байгуулагдсан байна. Эдгээр үйлдвэрээс нойтон 4, хуурай аргын 2 үйлдвэр тогтмол ажиллаж байгаа бөгөөд бусад нь бүтээгдэхүүн борлуулах зах зээл, технологийн горим эцэслэгдээгүй, ус, цахилгаан хангамж шийдэгдээгүй зэрэг шалтгаанаар үйл ажиллагаа нь жигдрээгүй байна. Ихэнх үйлдвэр нь Тавантолгой, Нарийнсухайт, Алагтолгойн нүүрсний ордуудыг түшиглэн байгуулагдсан юм. Ирэх таваас арван жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК нойтон, хуурай аргаар баяжуулах 30 сая тонн нүүрсний хүчин чадалтай, “Монголын Алт” компани мөн нойтон, хуурай аргаар баяжуулах 5 сая тонны үйлдвэрийг байгуулахаар ажиллаж байна. Тодотгон хэлбэл, “Энержи Ресурс” компанийн 2011 онд байгуулсан анхны Нүүрс баяжуулах үйлдвэрээс хойш Монголын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу эрчимтэй ахиж, гадаад зах зээлд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортолж байна.