Литийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Хятадын “Ganfeng Lithium” компани 280 сая ам.доллараар Канадын “Millennial Lithium” корпорацийг худалдан авч байна. Энэхүү хэлэлцээр оны дөрөвдүгээр улиралд өндөрлөх аж.
“Millennial Lithium” нь Аргентинд лити олборлолтын хоёр ч төслийг эзэмшдэг байна. Эхний төсөл “Pastos Grandes” ашиглалтад ороход бэлэн болж буй. Тодруулбал 2023 оноос олборлолт эхлэх бөгөөд 40 жилийн хугацаанд жилд 24 мянган тонн литийн карбонат үйлдвэрлэх хүчин чадалтай. Хоёр дахь төсөл “Cauchari East”-ийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна.
Хятадын компанийн хувьд олон улсад литийн чиглэлийн төслүүдэд хувь эзэмшлээ нэмэгдүүлж байгаа бөгөөд “Millennial Lithium” бол энэ оны дөрөв дэх худалдан авалт нь юм. Үүний өмнө Хятадын Цинхай муж дахь “Yiliping” төслийн 49%-ийг, Мексикт “Sonora” төслийг эзэмшдэг Австралийн “Bacanora Lithium” компанийн хяналтын багц, мөн Мали дахь литийн “Goulamina” ордын 50%-ийг тус тус худалдан авч эзэмшжээ.
Өнөөгийн байдлаар, Хятадын “Ganfeng Lithium” компани жилд 120 мянган тонн литийн карбонат үйлдвэрлэдэг. Гэхдээ тус компани одоогийн үйлдвэрлэлийн хэмжээгээ 600 мянган тоннд хүргэхээр зорьж байна. Өнгөрсөн зургадугаар сард, Хятадын Жянсу мужид жилд 50 мянган тонн литийн карбонатын үйлдвэр байгуулах шинэ төслөө зарласан билээ. Энэ оны эхний хагас жилд тус компани 1.6 тэрбум юанийн цэвэр ашигтай ажиллажээ.
Цахилгаан машины үйлдвэрлэлийн гол түүхий эд болох литийн ханш он гарснаас хойш 65%-иар нэмэгдээд байна.
Э.Од