Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний үр дүнгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр товч мэдээлэл хийлээ. 2021 оны гуравдугаар сард эхэлсэн гурван төрлийн зээлийн хөтөлбөрөөр нийт 3 их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдсон бөгөөд гүйцэтгэл 70%-тай явааг (өнгөрсөн долоо хоногийн байдлаар) тэрээр дуулгалаа. Түүний хэлж буйгаар, төсөөлж байснаас ч илүү хүртээмжтэй, хурдтайгаар зээл олгогджээ. Товчхондоо, 10 их наядын хөтөлбөр үр дүнгээ сайн өгч байгаа аж. Зээлийн хүрээнд 204.290 мянган ажлын байрыг хадгалж чадсан байна. Эдийн засаг оны эхний улиралд 15%-иар өссөн үзүүлэлттэй (2019 оныхтой харьцуулахад 3%-ийн өсөлттэй байна) гарчээ. Улмаар оны эцэс гэхэд эдийн засгийн өсөлт 6.5%-ийн өсөлтөд хүрэх боломж харагдаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан тодотголоо. Хэдийгээр эдийн засгийн өсөлт ажиглагдаж буй ч инфляц хөдлөх эрсдэлтэй байна. Сүүлийн үед инфляцад нөлөөлж болзошгүй зүйл бол хилийн боомтуудын нэвтрэн өнгөрүүлэх чадвар муудсантай холбоотой. Иймд Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч хил дээр бөөгнөрсөн бараа таваарыг Замын-Үүд боомтоор төмөр замаар татаж авсан байна.
“Ковид-19” цар тахлын улмаас өнгөрсөн хугацаанд хилийн боомтуудад нөхцөл байдал хүндэрч экспорт тэг зогсох, ачаа тээвэрлэлт гацах зэрэг бэрхшээл гарсаар байгаа бөгөөд цаашид энэхүү байдал үргэлжилбэл улсын төсөвт багагүй цохилт авч болзошгүй гэдгийг тэрээр мөн онцолсон. Иймд Гашуунсухайт боомтод ачаа тээвэр, тээврийн машины жолооч нарыг хилээр нэвтрүүлэхгүйгээр хилийн бүсийн зоонд чингэлэг ачаа тээвэр буулгах шинэ терминалын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байна. Уг терминалын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн горимд шилжих аж.
Г.Идэр