Австралийн уул уурхайн “Рио Тинто” групп нь Бугенвиль арлын оршин суугч иргэдийн хороотой хэлэлцээр байгуулжээ. Энэхүү арал нь Шинэ Гвиней улсын бүрэлдэхүүнд багтдаг. Тухайн хэлэлцээрээр, уг арал дахь орхигдсон “Panguna” зэсийн уурхайн байгаль орчин, нутгийн иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх хор хохирлын үнэлгээний ажлыг “Рио Тинто” хариуцах аж.
“Panguna” орд нь 5.3 сая тонн зэс, 19.3 сая унц алтны нөөцтэй. “Рио Тинто” группын салбар “Bougainville Copper” (BCL) компани 1972 оноос ашиглаж эхэлжээ. Гэвч иргэний дайны улмаас 1989 онд уурхайн олборлолтыг зогсоосон бөгөөд дахин үйл ажиллагааг сэргээгээгүй байна. Уг уурхайн эзэмшилтэй BCL–ийн хяналтын багцыг 2016 онд “Рио Тинто” групп үнэ төлбөргүйгээр Шинэ Гвинейн Засгийн газар, Бугенвиль арлын засаг захиргаанд хүлээлгэн өгчээ. Өнөөгийн байдлаар, BCL–ийн 36.4%-ийг “Рио Тинто” групп эзэмшиж байна.
Олон жилийн туршид “Panguna” уурхайн хаягдал борооны усанд урсаж ойролцоох голын хөндийг бохирдуулжээ. Тус хөндийд 12-14 мянган хүн оршин суудаг аж. Өнгөрсөн хугацаанд Шинэ Гвинейн Засгийн газар ч, Бугенвиль арлын засаг захиргаа хөрөнгө мөнгөний хомсдлоос шалтгаалан энэхүү байгаль орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэж чадахгүй иржээ.
Тиймээс 2020 онд нутгийн оршин суугч 150 иргэн нэгдэж “Human Rights Law Centre” хороо байгуулсан бөгөөд уурхайн хувь эзэмшилтэй “Рио Тинто” групп асуудлыг хариуцах үүрэгтэй гэж үзэн Австралийн Засгийн газарт хандсан байна. Энэ шаардлагыг Австралийн Засгийн газар хүлээн авч, Бугенвиль арлын байгаль орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэх ажилд ““Рио Тинто” группыг татан оролцуулжээ.
Э.Од