Дэлхийн уул уурхайн хамгийн том компани “BHP” Австралиас олборлосон никелийг АНУ-ын цахилгаан машины үйлдвэрлэгч “Tesla” компанид нийлүүлэх гэрээг талууд үзэглэжээ. Их Британийн “Financial Times” сонинд мэдээлснээр, уг гэрээний хүрээнд олборлогч компани жилд 18 мянган тонн никелийн сульфат нийлүүлэх аж. Цахилгаан машины цэнэг хураагуурын үйлдвэрлэлдээ зориулж 1 тэрбум ам.долларын хэмжээний никелийг Австралиас худалдан авахаар төлөвлөж буйгаа өмнө нь “Tesla” мэдэгдэж байжээ.
“BHP” компанийн хувьд, Баруун Австралийн нутаг дахь “Nickel West” уурхай, үйлдвэрийн цогцолбороос түүхий эд “Tesla”-д нийлүүлэх юм байна. Өнгөрсөн санхүүгийн жилд тус уурхай, үйлдвэрийн цогцолбороос 89 мянган тонн никель метал олборложээ.
Цахилгаан машины зай хураагуур нь дунджаар 40 кг никелийн орцтой аж. Энэ төрлийн машины үйлдвэрлэл ирэх 10 жилд тус металын эрэлтийг тав дахин нэмэгдүүлнэ гэж BHP тооцоолсон байна.
Түүнчлэн, гэрээний дагуу түншүүд сэргээгдэх эрчим хүч, цэнэг хуримтлуулах төхөөрөмж ашиглан никелийн олборлолт, боловсруулах үйлдвэрийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруултыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах гэнэ.
Э.Од