Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Дотоод халдварын тархалт Оюутолгой уурхай дахь ажилчдын тоог 25%-иар бууруулав

- “КОВИД-19”-ийн хязгаарлалтууд ил уурхайн үйл ажиллагаа болон гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл явцад багагүй нөлөөлж байна

- Шинэчилсэн Нөөцийн тайланг бүртгүүлэх, шинэчилсэн ТЭЗҮ-ийг батлуулах ажил хүлээгдэж байна

- Дэлхийд өрсөлдөхүйц аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ хадгаллаа

- Ил уурхайн үйл ажиллагаа эхэлсний арван жилийн ой тохиов

- Цар тахлын эсрэг Өмнөговь аймагтай нягт хамтран ажиллаж байна

- Ус ашиглалтыг хамгийн доод түвшинд аваачив

- Дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 12.7 тэрбум ам.доллар хүрсний 3.7 тэрбум доллар нь үндэсний худалдан авалтад оногдов

“Оюутолгой” компани 2021 оны хоёрдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Өнгөрсөн хоёрдугаар улиралд уурхайгаас 36.7 мянган тонн зэс, 113 мянган унц алт, 235 мянган унц мөнгө агуулсан нийт 173 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт боловч өмнөх нэгдүгээр улирлынхаас буурсан дүн болж байна. Тухайлбал баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл хоёрдугаар улиралд өмнөх улирлынхаасаа 19%-иар, алтных 22%-иар тус тус буурчээ. Харин борлуулсан баяжмалын хэмжээ хоёрдугаар улиралд 92.6 мянган тонноор илэрхийлэгдсэн нь өмнөх нэгдүгээр улиралд уг үзүүлэлт 186.3 мянган тонн байсантай харьцуулахад үлэмж буурчээ.

2021 оны хоёрдугаар улиралд Монгол Улсад “КОВИД-19” өвчний дотоодын тархалт өсөж, түүнээс улбаалан улсын хэмжээнд болон Өмнөговь аймагт тогтоосон шат дараалсан хөл хориотой холбоотой ажилчдын ээлж солих үйл явцыг хэвийн явуулахад хүндрэл үүсчээ. Иймд уурхайн талбар дээрх ажилчдын тоо энэ улиралд төлөвлөсөн хэмжээнээс 25%-иар бага байв. Үүнээс улбаалан “КОВИД-19”-ийн хязгаарлалтууд ил уурхайн үйл ажиллагаа болон гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл явцад багагүй нөлөөлжээ. Гэсэн ч компанийн зүгээс холбогдох суурь шалгууруудыг ханган гүний уурхайн огтлох малталтын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. 2021 оны долдугаар сарын 9-ний байдлаар компанийн ажилчдын 93% нь “КОВИД-19” -ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдсан байсан бөгөөд уурхайн талбарт зохих дэглэмийг мөрдөн ажиллаж байна.

“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Жак ван Тондэр “Бид өөрсдийн үйл ажиллагаа болон уурхайн талбар дахь “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаарх мэдээллийг Өмнөговь аймгийн удирдлагуудад ил тод, нээлттэй өгч, хамтран ажиллаж байна. “Оюутолгой” компани Өмнөговь аймагт 9,000 тун “Спутник-V” вакцин болон шаардлагатай хувийн хамгаалах хэрэгслийг хандивласан нь манай хамт олон дэлхий дахиныг нөмөрсөн цар тахалтай орон нутгийн иргэдтэйгээ хамтран хэрхэн тэмцэж байгааг харуулж байна. Энэхүү хүнд, хэцүү цаг үед уурхайн үйл ажиллагааг аюулгүй, хэвийн явуулахаар чармайн ажиллаж буй нийт ажилчид, ханган нийлүүлэгч байгууллагууд болон бидний үйл ажиллагааг дэмжиж буй төрийн албан хаагчдад гүн талархал илэрхийлье. Оюутолгойн гэр бүл өнгөрсөн арван жилийн турш үнэ цэн бүтээлцэж, Монгол Улсын эдийн засагт багагүй хувь нэмрийг оруулсан ил уурхайнхаа амжилтыг тэмдэглэж байна. МУИС-ийн бие даасан судалгаанд дурдсанчлан Оюутолгойн уурхай Монгол Улсын төсвийн 10%-ийг дангаар бүрдүүлж буйг тэмдэглэхэд бахархалтай байна. Бид гүний уурхайн огтлох малталтыг эхлүүлж, Оюутолгойн бүрэн үнэ цэнийг нийт ард иргэд, талуудад хүртээхэд улам бүр ойртсоор байна. Огтлох малталтыг эхлүүлэхэд шаардлагатай байгаа шинэчилсэн Нөөцийн тайланг бүртгүүлэх, шинэчилсэн ТЭЗҮ-ийг Засгийн газрын холбогдох байгууллагууд хүлээн авах ажлууд ойрын хугацаанд дуусна гэж итгэж байна" гэв.

Хоёрдугаар улиралд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.20 байлаа. Энэ нь Оюутолгойн аюулгүй ажиллагааны шилдэг гүйцэтгэлийг батлах бөгөөд харьцуулахад өнгөрсөн улиралд Рио Тинто группийн бусад үйл ажиллагааны дундаж үзүүлэлт 0.39 байжээ.

Нэг тонн хүдэр боловсруулахад 0.34 шоо метр ус нөхөн сэлбэлтээр хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын ашиглалтын дунджаас даруй гурав дахин бага ус ашиглаж байгаа үзүүлэлт ажээ. Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 89.1%-ийг дахин боловсруулан эргэлтэд оруулжээ.

Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 503 сая ам.долларыг 2021 оны хоёрдугаар улиралд төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш 3.4 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ хамаарна.

Оны эхний хагаст 628 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 407 нь үндэсний ханган нийлүүлэгчид байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 75%-ийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдээс бүрдүүлжээ.

2021 оны хоёрдугаар улиралд зэсийн баяжмалыг хэрэглэгчдэд хүргэхэд гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэн хилийн хязгаарлалт нөлөөлж, “Оюутолгой” компани “давагдашгүй хүчин зүйл бүхий нөхцөл байдал” үүссэн гэдгийг зарласан. 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр компани зэсийн баяжмалыг хэрэглэгчид рүү тээвэрлэн хүргэх ажлыг сэргээсэн бөгөөд ханган нийлүүлэлтийн тасалдлыг зохицуулахын тулд орон нутгийн болон БНХАУ-ын холбогдох албатай хамтран ажиллаж байна. Худалдан авагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, уурхайн талбар дахь баяжмалын хэмжээг зорилтот түвшинд хүргэх, хилээр гарах баяжмалын цуваа тогтвортой болгох хүртэл “Оюутолгой” компани “давагдашгүй хүчин зүйл бүхий нөхцөл байдал” хэвээр үйлчилсээр байх болно.
 

Монгол Улс дахь “КОВИД-19” цар тахалтай холбоотой өндөржүүлсэн хязгаарлалтууд гүний уурхайн төслийн үр дүнд ихээхэн нөлөөлсөн. Эдгээр хязгаарлалтад нийцүүлэн уурхайн талбар дахь ажиллах хүчний тоог төлөвлөснөөс 25%-иар доогуур байлгажээ. Материал тээвэрлэх нэгдүгээр системийн ажил нарийвчилсан тооцоололд дурдсанаас ахицтай байж огтлох малталтыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх техникийн шалгуурыг 90% хангажээ. Цаашид цар тахлын үргэлжилсэн нөлөөлөл, огтлох малталтыг эхлүүлэх техникийн бус шалгуураас үлдсэн ажлууд хамаарах тухай компани онцоллоо.

Энэ улиралд налуу амын туузан дамжуулгын ажилд багахан хэмжээний ахиц гарсан бол агааржуулалтын урд болон хойд амын ажилд төлөвлөсөн хэмжээний ахиц гарсангүй. Гэсэн хэдий ч хорио цээрийн хязгаарлалтыг зөөлрүүлж, ажилчдын цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлснээр уурхайн талбар дахь нөөцийг аажмаар сайжруулж байна. Эхний хагас жилд тохиолдсон цар тахлын хязгаарлалт одоо ч компанийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа ба эдгээр нөлөөллийг тооцоолох ажил үргэлжилж байна.

Материал тээвэрлэх хоёрдугаар систем, баяжуулах үйлдвэрийн шинэчлэл зэрэг гэрээний дагуу хийх ажлууд төслийг дуусгахад шаардлагатай төсвийн нэмэгдэлтэй холбоотой ТУЗ-өөс батлах хүртэл хойшлоод байна.

Агааржуулалтын урд болон хойд амын барилгын ажил хойшилсонтой холбоотой болон бусад холбогдох нөлөөллийг тооцсоны дараагаар нэг, хоёрдугаар панелын талаарх мэдээллийг шинэчлэн хүргэнэ.

Гүний уурхайн огтлох малталтыг эхлүүлэхэд дараах ажлууд хүлээгдэж байна.

Үүнд: шинэчилсэн нөөцийн тайлан, ТЭЗҮ (ОТТЭЗҮ20)-ийг Засгийн газрын холбогдох байгууллагууд бүртгэх, хүлээн авах; Оюутолгойн ТУЗ-өөс гүний уурхайн нарийвчилсан тооцоололтой уялдуулан гүний уурхайн нэмэлт санхүүжилтийг батлах; дөрөвдүгээр сард Рио Тинто ба Туркойз Хилл Ресурс”-ын хооронд байгуулсан гүний уурхайн нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөөнд нийцүүлсэн санхүүжилтийн төлөвлөгөөг Оюутолгойн ТУЗ батлах болон Оюутолгойн уурхайг дотоодын эрчим хүчээр хангах ажлыг урагшлуулах зэрэг багтана.

 

 

Эх сурвалж: "Оюутолгой" ХХК