Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Дэлхийн уул уурхай ТОП-50 компанийн үнэлгээ өсч түүхэн дээд үзүүлэлтийг шинэчлэв 

2021 оны хоёрдугаар улиралд дэлхийн уул уурхайн ТОП-10 компанийн нийт зах зээлийн үнэлгээ 123 тэрбум ам.доллараар нэмэгджээ.  Мөн үеэс олон улсын түүхий эдийн зах зээл дээр алтнаас гадна зэс, төмрийн хүдрийн ханш буурах хандлагатай байгаа юм. Гэсэн хэдий ч уул уурхайн тэргүүлэх 50 компанийн зах зээлийн нийт үнэлгээ 1.47 их наяд ам.долларт хүрч түүхэн дээд үзүүлэлтийг шинэчлээд байна.

Цар тахлын оргил үе болох өнгөрсөн оны 3-4 дүгээр сараас өнөөг хүртэл уул уурхайн зах зээлд энэ 10 жилд үргэлжлэх супер циклийн эхлэл тохиов уу, эсвэл хямралын дараах сэргэлт үү гэдэг нь маргаантай байгаа ч компаниудын зах зээлийн үнэлгээ өссөнийг mining.com мэдээндээ тэмдэглэжээ. Тухайлбал, 2020 оны нэгдүгээр улиралд жагсаалтын 50 дугаарт эрэмбэлэгдсэн “Fresnillo“ компани 3 тэрбум ам.долларын үнэлгээтэй байсан нь энэ оны хоёрдугаар улиралд 8 тэрбум ам.долларт хүрсэн байх жишээтэй. Цар тахлын гүн хямрал нүүрлэсэн 15 сарын өмнө жагсаалтад багтсан 38 компанийн үнэ цэн өдгөө 2 дахин өсчээ.

2021 онд төмрийн хүдрийн ханш 200 ам.доллар давсан нь “BHP” компанийн зах зээлийн үнэлгээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 97 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн байна. “Vale”, “Rio Tinto” компаниудын үнэлгээ бараг 70 ам.доллараар өссөн аж. “Fortescue” компанийн нийт хувьцаа 20 тэрбум ам.доллараар нэмэгдэж 50 тэрбум ам.доллар хүрсэн байна. Төмрийн хүдрийн үнийн таатай байдал 2011 оноос хойших хамгийн том IPO-ийг хийхэд “Glencore” компанид түлхэц болжээ. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг “Mineraзгo” компанийн зах зээлийн үнэлгээ 10 тэрбум ам.доллараар нэмэгдэж чамлахааргүй өсөлтийг үзүүлжээ. Тэгвэл гангийн “Companhia Siderъrgica Nacional” нь тэргүүлэх 10 компанийн жагсаалтад багтаж байна.  АНУ-ын төмрийн хүдрийн “Cleveland-Cliffs” компани анх удаа тэргүүлэх 50-д багтан 40 дүгээрт жагсжээ.

Литийн эрэлт, олборлолт нэмэгдэж буйтай холбоотой энэхүү металын үйлдвэрлэгчид жагсаалтыг өнгөлж байна. Оны хоёрдугаар улиралд “Tanqui Lithium” компани жагсаалтын 26 дугаарт эрэмбэлэгдэн байр ахижээ. 15 сарын өмнө литийн олборлогч “Albemarle” компанийн зах зээлийн үнэлгээ дөнгөж 7 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн улирал гэхэд 3 дахин өссөн байна. “Israel Chemicals” компанийн тухайд удаан хугацааны дараа эргэн тэргүүлэх 50-ын жагсаалтад орж иржээ.

Харин алтны компаниудын хувьд төдийлөн сайнгүй байна. “B2Gold”, “Yamana”, “Kinross” болон “Royal Gold” зэрэг хэд хэдэн компани ТОП-50 жагсаалтаас “сугарчээ”.  2020 оны гуравдугаар улиралд оргилдоо хүрсэн алтны зах зээл өнөөг хүртэл 30 тэрбум ам.доллар алдаад буй аж.

Э.Од