Хятад улс түүхий эдийн үнэ тогтворжуулахаар стратегийн нөөцөөсөө дахин худалдаанд гаргах тухайгаа зарлаад байна. Тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо (ҮХШХороо) болон Үндэсний хүнс, стратегийн нөөцийн газар энэ сарын сүүлээр 30 мянган тонн зэс, 90 мянган тонн хөнгөн цагаан, 50 мянган тонн цайр гаргах талаар мэдээлжээ.
Өмнө нь долдугаар сарын 5-6-нд тус улс 20 мянган тонн зэс, 30 мянган тонн цайр, 50 мянган тонн хөнгөн цагаан гаргаснаар зах зээлд үнэ харьцангуй буурах шинжтэй болж ирсэн. Тухайн үед Хятадын өнгөт метал боловсруулалтын 200 гаруй компани худалдаанд оролцсон бөгөөд зах зээлийн ханшаас 3-9%-иар доогуур үнээр металуудыг худалдаалсан тухай тус улсын ҮХШХороо мэдэгдсэн байна.
Хятад улсын эдийн засгийн хөгжилд түүхий эдийн ханшийн хурдацтай өсөлт сөргөөр нөлөөлж байгааг ийнхүү тогтворжуулахаар өмнөд хөршийн засаг чармайж байгаа юм. Гэвч ганц Хятад улсын алхам нь үнэ тогтворжуулах боломжгүй байж мэднэ. Ногоон шилжилтийн нөлөөгөөр түүхий эдийн эрэлт огцом нэмэгдэх дүр зураг тодорч буй. Нөгөө талаас Хятадын стратегийн нөөцөөс түүхий эд худалдах хэмжээг илүү өндөр байх болов уу гэсэн хүлээлт зах зээлд байсан. Гэвч бодит байдал дээр стратегийн нөөцөөс худалдаалж буй түүхий эдийн хэмжээ хүлээлтээс бага болохыг ING банк тайлбарлалаа. Хятад ийнхүү мэдэгдэл хийсэн ч сүүлийн өдрүүдэд Лондоны бирж дээр зэсийн ханш эргээд өсөх хандлагатай байна. Харин Хятадын төр засгийн хувьд уг алхам нь үр дүнгээ өгнө гэсэн найдвар тээж байна.
Б.Төгс