Монгол Улсын Засгийн газрын албан ёсны facebooк-ийн цахим хуудсанд “АМГТГ: ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын ЗГ АИ-95, АИ-98 автобензиний экспортыг 9-р сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн. Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна” хэмээн мэдээлсэн байна.
Амралт, аяллын улиралтай холбоотойгоор Оросын дотоодын хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэж буйн улмаас тус улсын зах зээл дээр шатахууны үнэ өсч дээд үзүүлэлтэд (2021.07.22)хүрсэн юм. Тухайлбал, АИ-95 шатахуун тонн тутамдаа 60029 рубль хүрч өнгөрсөн оны долдугаар сарын 20-ноос хойших хамгийн өндөр үнэ болжээ. Мөн АИ-92 шатахууны үнэ таван өдөр дараалан өсч 57597 рубльтэй тэнцсэн аж. Хэрэв долдугаар сарыг дуустал шатахууны үнэ өндөр хэвээр байх юм бол нефтийн бүтээгдэхүүний зарим төрлийн экспортыг тур хугацаагаар хязгаарлах арга хэмжээ авахаар ОХУ-ын Эрчим хүчний яамнаас төлөвлөжээ.
Тэгвэл Эрчим хүчний дэд сайд Павел Сорокин “Шатахууныг тодорхой хугацаанд хязгаарлах бэлтгэл хангагдсан. Одоо өдөр тутмын үнийн хэлбэлзлийг ажиглаж байна. Зах зээл дээр нийлүүлэлт нэмэгдсэн учир сүүлийн дөрвөн өдөр үнэ буурах хандлагатай байгаа” тухай мэдэгдсэн (2021.07.28)байна. Түүнчлэн шатахууны үнэ бууруулахад тус улсын Эрчим хүчний яам, Холбооны монополийн эсрэг алба (ФАС) хамтран ажиллаж буйг мэдэгдэлдээ дурджээ.
Орос улс нефтийн бүтээгдэхүүний зарим төрлийн экспортыг хязгаарлах асуудал өнгөрсөн дөрөвдүгээр сараас яригдаж байгаа юм. Тодруулбал, тус улсын Засгийн газраас шатахууны экспортыг түр хугацаанд хориглох тухай төслийг боловсруулахыг Эрчим хүчний яаманд үүрэг (2021.04.21)болгосон. Тэгэхдээ дотоодын зах зээлийн эрэлт, үнийн өсөлтөөс хамаарч шатахууны экспортыг шаардлагатай тохиолдолд түр хугацаанд зогсоох, эсвэл хориглоно гэдгийг ОХУ-ын Засгийн газрын мэдэгдэлд онцолж байв. Шаардлага үүсвэл, эхний ээлжинд ЕАЭЗХ-ны гишүүн бус орнуудад нийлүүлж буй бензины экспортыг авч үзэхээр төлөвлөсөн юм.
Дөрөвдүгээр сарын байдлаар, ОХУ-ын бензины үйлдвэрлэлийн хэмжээ дотоодын хэрэглээнээс 12-13%-иар давжээ. Дизель түлшний тухайд, хэрэглээнээс хоёр дахин илүү үйлдвэрлэж байгааг тус улсын Эрчим хүчний яамнаас мэдээлж байв.
Гэсэн хэдий ч Оросын дотоодын түлшний хэрэглээ өсч буйн улмаас нөөц багасч, хомсдол үүсэх эрсдэл байгаа учир газрын тосны бүтээгдэхүүн, бензины экспортыг хязгаарлах асуудал дахин яригдаж байна.
2020 онд Орос улс 5.82 сая тонн шатахуун экспортолж өмнөх оныхоос 12.4%-иар өссөн байна.
Э.Од