Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Rio Tinto” компани Сербид лити олборлоно

Австралийн уул уурхайн “Rio Tinto” компани Серби улс дахь литийн “Jadar” ордыг олборлох төслийг баталжээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 2.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Тус компанийн геологичид 2004 онд нээсэн энэхүү ордод 1.81%-ийн литийн агуулга бүхий 16.6 сая тонн хүдрийн ашигтай нөөц тогтоожээ. Харин хүдрийн геологийн нөөц нь 139.2 сая тонн аж.

Уурхайг 40 жил ашиглах бөгөөд жилд 58 мянган тонн литийн карбонат, 160 мянган тонн боорын хүчил, 255 мянган тонн натрийн сульфат олборлохоор тооцоолжээ. Одоогийн байдлаар “Rio Tinto” компани орд газрын тусгай зөвшөөрөл авахаар хүлээж байгаа ба төслийн бүтээн байгуулалтыг 2022 онд эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Уурхайг 2026 онд ашиглалтад оруулж, 2029 онд үйлдвэрлэл бүрэн хүчин чадалд хүрнэ гэж үзэж буй. Өнгөрсөн онд төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулахад 200 сая ам.долларын хөрөнгө оруулжээ.

Бүтээн байгуулалтын хүрээнд, далд уурхай болон бэлэн бүтээгдэхүүн гарган авах химийн үйлдвэр байгуулах аж. Ингэхдээ бүх хог хаягдлыг хуурай хэлбэрээр хадгалах тул хаягдлын далангийн шаардлагагүй гэнэ.

Гэхдээ энэ төсөл нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Олон нийтийн зүгээс уг төсөл хэрэгжсэнээр байгалийн болон Хүрэл зэвсгийн үед хамаарах дурсгалт газрууд сүйднэ гэж үзэж байна. Зургадугаар сарын 10-ны байдлаар уг төслийг хэрэгжүүлэхийг эсэргүүцсэн 100 гаруй мянган хүний гарын үсгийг тус улсын зарим ТББ-ууд цуглуулжээ.     

“Jadar” төсөл нь Европын хамгийн том литийн нийлүүлэгч болно гэж  “Rio Tinto” компанийн мэдэгджээ. Харин компанийн хувьд дэлхийд литийн үйлдвэрлэлээр тэргүүлэх ТОП-10-т багтах юм.

Э.Од