Австралийн уул уурхайн BHP нь Канадын “Noront Resources” компанийг 238 сая ам.доллараар худалдан авах санал тавьжээ. Энэ нь “Wyloo Metals” компанийн саналаас 75%-иар илүү өндөр үнэ аж. “Wyloo Metals”-ийн тухайд Австралийн уул уурхайн магнат Эндрю Форрестын үүсгэн байгуулсан компани бөгөөд тэрээр өмнө нь төмрийн хүдрийн “Fortescue Metals” группын Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм.
Компаниудын үнэ “хаялцаж” буй “Noront Resources” нь Канадын Онтарио мужид никелийн томоохон нөөцтэй “Ring of Fire” бүлэг ордод багтах “Eagle’s Nest” төслийг эзэмшдэг. Уг төслийн уурхайн олборлолтыг 2026 онд эхлүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор уурхайг байгуулж байна. Уурхайн ашиглалтын 11 жилийн хугацаанд жилд дунджаар 15 мянган тонн никель олборлохоор тооцжээ.
Э.Од