“Степ Голд Лимитед” компанийн хувьцааг Канад, Монголын хөрөнгийн биржүүдийн хооронд хөрвүүлэх боломжийг олгосон гурвалсан гэрээг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Канадын “TSX Trust” байгууллага болон тус компанийн төлөөлөл харилцан байгууллаа. Ингэснээр хоёр биржийн хооронд хувьцаагаа хөрвүүлэх боломжтой төдийгүй Монголын Хөрөнгийн Бирж дээр давхар бүртгүүлсэн хоёр дахь компани болж байна.
“Степ Голд” нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгүүлж, холбогдох зөвшөөрлүүдээ авснаар хувьцаагаа гаргах ажил дуусах шатандаа орлоо. Ирэх есдүгээр сард хувьцаагаа Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалахаар төлөвлөн бэлтгэж байна.
“Степ Голд” компанийн үндсэн төсөл болох Дорнод аймгийн нутагт орших Алтан Цагаан Овоо уурхайн эхний шатны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Энэ шатанд жилдээ 50-60 мянган унц алт боловсруулах төлөвлөгөөтэй. Төслийн хоёрдугаар шатанд алт олборлолт 2-3 дахин нэмэгдэх бололцоотой гэж тооцож байна. Одоо төслийн өргөтгөл шатны техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх ажил үргэлжилж байна. Төслийн хэмжээнд нийт 300 орчим монголчууд ажиллаж байгаа бол өргөтгөл шатанд 500 орчим болж нэмэгдэнэ. Мөн төсөл үргэлжлэх хугацаанд улсын төсөвт 242 тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 43 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм. Үүнээс гадна орон нутгийн хөгжилд 11.4 тэрбум төгрөг зарцуулахаар зорин ажиллаж байна. Түүнчлэн Баянхонгор аймагт Уудам хөндий төслийн талбайд хайгуулын ажлыг тус компани гүйцэтгэж байна.