The Mongolian Mining Journal /May.2021/
Монгол Улсын Засгийн газар уул уурхайн салбарыг олборлолтоос боловсруулалтын түвшинд шилжиж байгаа хэмээн тодорхойлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хувьд уг бодлого, чиглэлийн хүрээнд уул уурхайн хөгжлийн шат дамжлага, иргэн бүрт хүрэх үр өгөөжийг харуулсан загвар схемийг тодотгон тайлбарлаж буй. Тухайлбал геологи хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн дарааллаар уул уурхайг зөв зохистой хөгжүүлснээр баялаг эзэндээ очих юм. Супер цикл ирж буй энэ цаг үед бодлого тодорхойлогчид юунд илүүтэй анхаарал хандуулбал зүйтэй талаар Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Б.Батхүүтэй The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
Хуулиар хориглосноос бусад талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг яаралтай олгох нь зүйтэй
Уул уурхайн салбарын хөгжил геологи, хайгуулын ажил хэр сайн хийгдэж байгаагаас шууд шалтгаалдаг. Хайгуул хийхгүй бол шинээр орд газар нээхгүй. Тэр хэрээрээ салбарын ирээдүй бүрхэг, тодорхойгүй болох талтай. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хайгуулын салбар үндсэндээ зогсонги байдалтай явж ирлээ. Энэ салбарт хийгддэг хөрөнгө оруулалт ч хумигдсан. Хайгуулаа сэргээхийн тулд энэ тэргүүнд юунд анхаарах вэ?
Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ сүүлийн хорь гаруй жил өсөлттэй байж ирсэн. Мөн манай урд хөрш Хятадын эдийн засгийн өсөлтийн улмаас ашигт малтмалын эрэлт хэрэгцээ бий болж, ялангуяа нүүрс экспортлогчдын борлуулалт нэлээд сайжирсан. Энэ нь Монголын эдийн засагт уул уурхайн эзлэх хувь нэмрийг улам бүр нэмэгдүүлсэн. Гэхдээ энэ үеэс хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр хэт олноор нь олгосон, тусгай зөвшөөрлийн наймаа газар авсан зэрэг шалтгаанаар эргээд хумьсан. Хумихдаа бүр хэтрүүлжээ гэж боддог. Хайгуулын салбар бол эрсдэлтэй. Орд олбол ашигтай байж болдог ч үр дүнд хүрээгүй хайгуул их байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрөл хэт багассан нь сөрөг үр дагавартай. Газрын доорх баялгаа нээж илрүүлэх ажил хоцрогдож байна. Ер нь бол хайгуул төрийн хийх ажил биш л дээ. Тусгай зөвшөөрөл авсан болгон орд болохгүй. Өөрөөр хэлбэл, ийм эрсдэлтэй салбарт хувийн хэвшлийнхнийг түлхүү оруулж байж ордуудаа нээх нь зөв юм. Монголд ашигт малтмалын томоохон орд газар илрэх боломжтой. Газар доорхи баялгаа хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр мэдээд авчихвал бидний үр хойчид л хэрэгтэй юм даа. Нэг чухал ажил хийгдсэн нь Үндэсний Геологийн албыг байгуулсан явдал. Энэ албанд судалгааны бүх мэдээллээ нэгтгээд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тодорхой ордуудыг нээж олох боломжтой.
Орон нутагтай сайн ойлголцож байж хайгуулын ажил урагшилдаг гэдгийг өнгөрсөн он жилүүд бидэнд маш тодорхой харуулсан. Энэ тал дээр ямар нэгэн ахиц гарч байна уу?
Уул уурхайн ашиглалт явуулснаар улс орон ихээхэн мөнгөтэй болж байна. Гэхдээ орж ирж байгаа мөнгө орон нутагт шударга очихгүй байгаагаас зөрчил их гардаг. Мэдээж уул уурхайн компаниуд улс орны өмнө хүлээсэн үүргийн дагуу бүх л татвар хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж байгаа. Энэ бол бага мөнгө биш. Төсвийн орлогын 40 гаруй, экспортын орлогын 98%-ийг уул уурхайн салбар бүрдүүлдэг учраас орж ирж байгаа мөнгө тухайн орон нутагт очилгүй, тэгш бусаар зарцуулагдах ёсгүй гэсэн байр суурь их сонсогддог. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30%, тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50%-ийг Орон нутгийг хөгжүүлэх сангаар дамжуулж орон нутагт олгох хууль Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед батлагдсан юм.
Хууль гарснаас хойш орон нутаг уул уурхайд арай эерэгээр ханддаг болсон. Ийм хөшүүрэг уул уурхайн хөгжилд түлхэц өгч, сайн үр дүн авчирдаг юм байна гэдгийг би яаманд байхдаа ойлгож билээ.
Гэхдээ өнөөдрийн нөхцөлд хайгуулын тусгай зөвшөөрөл ашиглалтаа давсан үзүүлэлттэй гарч байна. Ашигт малтмалын тухай хуулиар мэдээж хайгуулаас ашиглалт руу шилжсэн аж ахуйн нэгжүүд үүн дотор нэлээд бий. Өмнө олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа ерөнхийдөө дуусч байх шиг байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр яаралтай олгож эхлэхгүй бол байдал улам дордох эрсдэл бий.
Хуулиараа нийт 12 жилийн хугацаанд хайгуул хийгээд орд газар олж чадахгүй бол тусгай зөвшөөрөл хүчингүй болдог. Гаргасан зардлаа тухайн хайгуулын компани өөрсдөө эрсдэлээ даагаад явдаг зохицуулалттай. Гэтэл сүүлийн арваад жил хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгосонгүй, хумьж ирлээ. Энэ хугацаанд өмнө олгосон тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа дуусч байгаа юм. Тэгэхээр хайгуулын салбарт тусгай зөвшөөрлийг шинээр яаралтай олгохгүй бол дараагийн цикл, хийгдэх ёстой ажлуудаа алдах эрсдэл тулж ирж байна. Ер нь Монгол Улс тусгай зөвшөөрөл олгож болохгүй газар нутгаа эхлээд маш тодорхой болгох байж дээ гэж бодогддог. Үүнийг зөв зүйтэй тохируулж хийгээгүйн улмаас байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнүүд үүсч, “Урт нэртэй” хуулийг (Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль) батлахад хүрсэн. Нэгэнт олгосон маш олон тусгай зөвшөөрлийг “Урт нэртэй” хуулиар цуцалсан ч аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговрыг нь олгож чадаагүй. Энэ мэтчилэн бөөн асуудал болж байж намжсан. Гэхдээ энэ бол асуудал шийдэгдсэн гэсэн үг биш ч хамгийн гол ололт нь хаана тусгай зөвшөөрөл олгож болохгүй вэ гэдэг тодорхой болсон. Цаашид Дархан цаазтай болон улсын тусгай хамгаалалттай, “Урт нэртэй” хуулиар хориглосон газруудаас бусад талбайд хайгуулаа үргэлжлүүлж хийх шаардлагатай. Үлдсэн талбайнууддаа тусгай зөвшөөрөл олгогдохгүй бол хий цоорхой гарахаар байна. Хэд хэдэн сөрөг үр дагавартай. Нэгдүгээрт, Монгол Улс газрын доорх баялгаа судалж амжихгүй хугацаа алдана. Хоёрдугаарт, хайгуулын салбарт жигд явагдах үйл ажиллагаа тасалдаад геологичид ажилгүй болж байна.
Монгол Улс ашигт малтмалын олборлолтдоо түлхүү анхаарч ирсэн нь салбарын түүхээс тод харагддаг. Одоо олборлолтоосоо боловсруулалт руу шилжие гэдэг бодлогыг барьж ажиллахаар болж байгаа ч хувийн хэвшилдээ илүү боломж олгож ажиллах шаардлагатай болов уу, Таны бодол юу вэ?
Хайгуулаар орд газар олж илрүүлсэн компаниуд ашиглалт руу шилжихдээ зах зээлээс шууд хамааралтай болж байгаа юм. Тэгэхээр зах зээл дээр зөв тоглолт хийхгүй бол бас эрсдэлтэй. Дэлхийн улс орнууд нүүрснээс татгалзахаа мэдэгдэж байна. Тиймээс нүүрс үнэтэй байгаа дээр нүүрсний ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэдэг манай улсын хувьд маш чухал. Мэдээж эхний ээлжид улс орон, аж ахуйн нэгжүүд мөнгөн хуримтлалтай болохын тулд нүүрсээ түүхийгээр нь экспортлохоос аргагүй байсан байх. Харин одоо тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болж эхэлж байгаа учраас нүүрсээ илүү үнэд хүргэх тал дээр компаниуд хүссэн хүсээгүй ажиллаж байна. Ийм цаг үед баяжуулах үйлдвэрүүдээ төр засгийн зүгээс зөв залж чиглүүлэх шаардлагатай. Хувийн хэвшлийнхэн бизнесээ илүү үр ашигтай явуулахын тулд маш сайн үндэслэлтэй тооцоо судалгаа хийж чаддаг.
Цагаан суваргын орд зэрэг зэсийн төслүүд АМНАТ-өөр эдийн засгийн үр ашиггүй гэсэн тооцоолол гарч байна
Боловсруулалт болон борлуулалтын түвшинд анхаарч өөрчлөх ёстой ажлуудын нэг нь АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) болон өсөн нэмэгдэх роялти. Ялангуяа Эрдэнэт үйлдвэрт ногдуулсан өсөн нэмэгдэх роялтитой холбоотой байр сууриа Та сүүлийн үед идэвхтэй илэрхийлж байна. Тодотгож хэлэх зүйлүүд бий байх?
Ашигт малтмалын тухай хуульд өсөн нэмэгдэх АМНАТ-ийн зохицуулалтыг оруулсан нь зөв гэж боддог. Ашигт малтмалын үнэ зах зээл дээр өсч урууддаг. Үнэ унах үед компаниуд ашиг битгий хэл алдагдлаа нөхөхөө л бодно. АМНАТ бол улсад төлөх, өөрөөр хэлбэл газрын доорх баялгийг олборлосон л бол ашигтай ч, ашиггүй ч төлөх ёстой, “хааны татвар” гэдэгтэй адил төлбөр. Гэтэл үнэ өссөн үед яах вэ гэдэг дээр бид нэг том алдаа хийсэн. Зэс, алтан дээр гэнэтийн ашгийн 68%-ийн татвар ногдуулснаас болж алтны салбараа уналтад оруулсан. Энэ татвараас болоод аж ахуйн нэгж, иргэд алтаа Монголбанкинд тушаахаа больж, алтны арилжаа нууц хэлбэрт шилжсэн. Мөн зэсийн шинэ ордууд эргэлтэд орохоо больсон. Үүнийг өөрчлөх хэд хэдэн зөв арга хэмжээ авсан. Гэнэтийн ашгийн татварыг хүчингүй болгож өсөн нэмэгдэх АМНАТ-ийн татвараар сольсон. Алтны хувьд хэрэв олборлосон алтаа Монголбанкинд тушаавал 2.5% байхаар хуульчилснаар алт олборлогчид алтаа Төв банкид тушаадаг болж улсын валютын нөөц нэмэгдэн нууц арилжаа ил болсон. Үүнийг жил бүрийн Монголбанкинд хүлээн авсан алтны хэмжээнээс тодорхой харж болно. Өсөн нэмэгдэх АМНАТ-ийг хуульчилсанаар ашигт малтмалын үнэ өсөөд тухайн компанийн ашиг нэмэгдэх үед ашгаа улстайгаа хуваалцъя гэдэг л зарчим. Зэсээс бусад ашигт малтмал дээр 5%-ийн суурь АМНАТ дээр үнийн өсөлтөөс хамаараад 0-5%-иар нэмж төлөх бөгөөд хамгийн ихдээ 10%-иар тооцож АМНАТ авах зохицуулалт юм.
Харин ганцхан зэсийн баяжмалд зэсийн дэлхийн зах зээлийн үнэ тонн нь 5000 доллараас дээш байх тохиолдолд 5%-ийн АМНАТ дээр 11-15% нэмж авахаар хуульчлагдсан. Тодорхой хэлэхэд энэ татвар ердөө “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбож гарсан. Тэр үед Монголоос зэсийн баяжмал экспортолдог ганц компани нь “Эрдэнэт үйлдвэр” байсан бөгөөд үйлдвэрт Оросын тал 49%, Монголын тал 51%-ийн хувь эзэмшилтэй байсантай холбоотой. Ингээд борлуулалтын орлогоос авдаг өсөн нэмэгдэх АМНАТ бий болсноор “Эрдэнэт үйлдвэр”-ээс Монголд орж ирэх орлого эрс нэмэгдсэн. Оросууд ч энэ үйлдвэрээс гарсан. Өсөн нэмэгдэх АМНАТ ч үүргээ гүйцэтгэлээ. Одоо харин энэ АМНАТ бусад зэсийн төслүүдийг эхлүүлэх боломжийг хааж байна. Урагшлуулахгүй байна. Судалгаа нь хийгдээд ажиллахад бэлэн болсон Цагаан суваргын орд гэхэд л энэхүү АМНАТ-өөс болоод эдийн засгийн үр ашиггүй төсөл болж байна. Мөн зэсийн бусад төсөл зөвхөн өсөн нэмэгдэх роялтитой холбоотойгоор гацсан байдалтай байна.
Уул уурхайн супер цикл ирж буй энэ цаг үе бид АМНАТ-ийг эргэн харж, зэсийн төслүүдийг төрийн зүгээс бодлогоор дэмжих хэрэгтэй гэсэн санааг Та хэлж байна, тийм үү?
Супер цикл ирж байна. Зэсийн үнэ тонн тутамдаа 10 мянган ам.доллар гарлаа. Удахгүй 20 мянган ам.доллар руу дөхнө гэсэн судалгааны байгууллагуудын таамаг бий. Супер цикл айсуй энэ үед зэсийн баяжмалын АМНАТ-ийг бусад ашигт малтмалтай ижил болгоод бэлтгэгдсэн зэсийн хэд хэдэн ордыг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй байна.
Мөн зэсийн ордын хайгуулийн ажилд хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагч нар ч нэмэгдэнэ. Өсөн нэмэгдэх АМНАТ-ийг бусад ашигт малтмалтай ижил болгосноор хэдийгээр “Эрдэнэт үйлдвэр”-ээс авах АМНАТ багасах боловч ашгийн татвараараа нөхөөд авах боломжтой. Эрдэнэт үйлдвэр маань одоо 100% Монголын төрийн компани болсон шүү дээ.
Нээгдсэн хэд хэдэн зэсийн ордоо ашиглалтад оруулах боломжийг нь нээвэл хувийн хэвшлийнхэн идэвхтэй ажиллаж супер циклийг ашиглан татварын бааз суурь өргөжиж, зэсээс авдаг роялти нийт дүнгээрээ нэмэгдэнэ.
“Эрдэнэт үйлдвэр”-т АМНАТ-ийг өндөр ногдуулснаар ашиг орлого нь ихээхэн нэмэгдэж, улсын төсөвт ч үлэмж хэмжээний орлого төвлөрүүлж байна хэмээн эрх баригчид ярьдаг. Үүнийгээ Оюутолгойн төлж буй АМНАТ-тэй бас жишиж, Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх хэрэгтэй гэсэн байр суурь идэвхтэй сонсогддог. Ингэж жиших нь хэр оновчтой вэ?
Миний хувьд үүнийг буруу гэж хэлнэ. Учир нь, аливаа уул уурхайн үйлдвэрлэл анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа ашиг орлого олдог. Эрдэнэт үйлдвэр анхны хөрөнгө оруулалтаа аль эрт нөхсөн төсөл. Хэрэв Оюутолгой дээр энэ татварыг эхэлж тавьсан бол төсөл эхлэх ч үгүй байсан. Улстөрчид бол төсөвт орж ирэх мөнгөө л боддог. Түүнээс биш тухайн төсөл яаж ажиллахыг тэр бүр нарийн тооцоолдоггүй. Оюутолгой дээр Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн учраас анхны хөрөнгө оруулалтаа нөхтөл 5%-ийн роялтиг төлсөөр байх болов уу. Хамгийн гол нь Оюутолгой төслийн далд уурхай буюу нийт нөөцийн “өрөм” нь ашиглалтад ороогүй байна. Далд уурхай ашиглалтад ороогүй байхад АМНАТ өөрчлөх тухай ярих нь зохимжгүй юм. Харин ашиглалтад орсны дараа нөхцөл байдлаа дүгнэж харж болно.
Засгийн газраас Нүүрс баяжуулах үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр гээд олон жил яригдсан төслүүдийг хөдөлгөх бодлогын арга хэмжээнүүд зарлаж байна. Хугацааг нь харахад, 2022-2024 онуудад эдгээр үйлдвэр үйл ажиллагаа явуулж эхлэх нь. Хүнд үйлдвэрийн олон төсөл дээр ажиллаж байсан хүний хувьд онцолж хэлэх зүйлүүд юу байна вэ?
Монголын компаниуд нэг үеэ бодвол өөрсдөө үйлдвэрээ байгуулах хэмжээнд очиж байна. “Энержи Ресурс” гэхэд олон улсын бирж дээр хөрөнгөө босгоод баяжуулах, угаах үйлдвэрээ байгуулсан. Бизнес хийж байгаа хүмүүс ашгаа олохын тулд маш сайн тооцоо судалгаа хийдэг. Намайг Уул уурхайн яаманд ажиллаж байхад хүнд үйлдвэрийн судалгааг маш олон байгууллагаар хийлгэсэн. Австралийн “Worley Parsons” компаниар стратегийн 15 орд газар дээр судалгаа хийлгэсэн. Солонгосын “Posco” компани төмөрлөгийн үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа хийсэн. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр хар төмөрлөгийн үйлдвэрийн судалгааг Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй хамтран хийж байлаа. Сайншандын Аж үйлдвэрийн цогцолбор байгуулах талаар АНУ-ын “Бехтел” компани бас судалсан. Энэ бүх судалгааг харьцуулж харахад эхний ээлжид дотоодын хэрэгцээг хангах үйлдвэр байгуулах л чухал юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Эцсийн бүтээгдэхүүнийг экспортлох асуудал бол хэцүү. Учир нь, томоохон үйлдвэрлэгч хоёр хөрштэй. Ер нь бол хувийн хэвшлийнхэн маш бодитой судалгаа тооцоог гаргадаг. МАК, “Монполимет” гэхэд цементийн үйлдвэрүүд байгууллаа. Дээрх гаднын зөвлөх компаниудын судалгаагаар цементийн үйлдвэр ашигтай гэсэн судалгаа гарсан байдаг. Бусад үйлдвэрүүд асуудалтай. Шийдвэрлэх хэд хэдэн асуудал байдаг. Нэгд, технологи, хоёрт, хүчин чадал, гуравт, хөрөнгө оруулалт. Дөрөвт, зах зээл. Миний хувьд дотоодын хэрэгцээний 400-500 мянган тонн төмрийн хэрэгцээг хангах Хар төмөрлөгийн үйлдвэр болон Зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг нэлээд судалсан.
Хүчин чадал том үйлдвэр байгуулбал илүүдэл бүтээгдэхүүнээ хоёр гүрнийг дамжуулж борлуулах хүндрэлтэй. Зарим хүмүүс ийм үйлдвэр байгуулах боломжтой гэж ярьдаг ч яг барьж аваад хөрөнгө оруулалт хийх гэхээр хүндрэл учирдаг. Зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр дээр хоёр зүйл бий. Нэгдүгээрт, зэс хайлуулах, цэвэршүүлэх зардлын TC/RC (Treatment Charge and Refining Charge) тогтсон үнэ байдаг. Үүгээрээ Хятадын зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрүүдтэй өрсөлдөхөд хүндрэлтэй. Хоёрдугаарт хүхрийн хүчил. Өмнө нь бол зэс хайлуулах үйлдвэрийн төсөл хүхрийн хүчлийн асуудал дээр ирээд гацдаг байсан бол сүүлийн үед элементийн хүхрийн технологи руу орох боломжтой гэж зарим мэргэжилтэн үзэж байна. Дээрх хоёр үйлдвэрийг байгуулах бол хувийн хэвшилтэй хамтарч байгуулах хэрэгтэй гэж би үздэг. Жишээ нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн бага агуулгатай хүдрийн овоолгыг уусган баяжуулах аргаар боловсруулдаг технологийг ашиглан “Эрдмин”, “Ачит Ихт” компаниуд катодын зэс үйлдвэрлэж байна. Одоо “Зэс эрдэнийн хувь” компани хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл Монголын хувийн хэвшлийнхэн олборлохоос боловсруулах салбар луу шилжиж байна. Үүнийг нь татварын бодлогоор дэмжих хэрэгтэй. Тэгвэл манай хувийн хэвшлийнхэн дэлхийгээс мөнгө босгож эдийн засгийн үр ашигтай боловсруулах үйлдвэр байгуулах чадвар суусан.
Үндсэн хуульд “төрийн нийтийн” зарчим суулгаж, байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх бодлого хэрэгжиж эхэлсэн. Гэсэн хэдий ч энэ бүхэн Үндэсний баялгийн сан, Хөгжлийн сан байгуулснаар жинхэнэ үр өгөөж болох учиртай. Баялгийн сан байгуулахаас өмнө урьтаж хийх ямар чухал ажлууд байна вэ?
Одоогоор баялгийн сангийн хуулийн төслүүд яригдаж байгаа ч энэ бүхэн УИХ дээр нэгтгэгдэж, хамгийн боломжит хувилбарыг сонгох байх. Миний зүгээс хэлэх зүйл бол стратегийн ордуудын жагсаалтыг эхлээд цэгцлэх шаардлагатай. 2006 онд “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэсэн томьёолол бий болж, 2007 онд УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн 15 орд газрын нэгдүгээр жагсаалтыг гаргасан юм. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд энэ жагсаалт дээр ганцхан Гацууртын орд л нэмэгдсэн. Ураны ордууд нь хөдөлгөөнгүй байна. Бүрэнхааны фосфоритын орд гээд ашиглалтад орохгүй орд газар стратегийн ордын жагсаалтад бас бий. Тиймээс энэ жагсаалтыг зайлшгүй эргэж харах шаардлагатай. Энэ хууль хэрэгжээд өнөөдөр 15 жил болжээ. Одоо бид дүгнэлт хийх цаг нь болсон байна. Стратегийн ашигт малтмал байх юмуу энэхүү стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэсэн томъёоллоороо цаашаа явах уу гэдгээ шийдэх болжээ. Ядаж стратегийн ач холбогдолтой ордын жагсаалт дээр дахиж орд нэмэхгүй гээд нээлттэй зарламаар байна. Яагаад гэвэл тухайн орд стратегийн ордын жагсаалтад орвол хүссэн хүсээгүй төртэй хамтрах хуулийн зохицуулалттай. Мэдээж хувийн хэвшлийнхэн үүнээс зайлсхийнэ. Үүнээс болоод ашигт малтмалын том орд сүүлийн үед Монголд нээгдэхээ больсон. Тиймээс стратегийн ангилалд багтсан 15 орд дээрээ нарийвчилсан судалгаа хийж, хасахыг нь хасаад, түүнээс хойш баялгийн татвараа барууны жишгээр авах байдлаар үйл ажиллагааг нь чөлөөтэй явуулдаг болгох хэрэгтэй.
Ярилцсан Танд баярлалаа.