Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Эрдэс баялгийн бирж байгуулахад сайн ТЭЗҮ чухал

The Mongolian Mining Journal /May.2021/

Г.Идэрхангай


“Эрдсийн экспортын худалдааг нэг цонхны бодлогоор зохицуулах зорилгоор Эрдэс баялгийн бирж байгуулна” хэмээн 2014 онд баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт туссан. Бодлогын баримт бичиг батлагдахын өмнөх жил (2013)  боловсруулсан Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг 2015 онд Р. Жигжид сайдын үед Засгийн газрын хурлаар хэлэлцсэн ч хэрэгжүүлэх боломжгүй гээд буцаасан юм. Хуулийн төсөлд Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн заалтуудыг үндсэнд нь хуулбарлаж тавьсан байлаа. Түүнчлэн Үнэт цаасны тухай хуулийн заалтыг тусгаж, үндэсний болон гадаадын хөрөнгө оруулагчид хамтран бирж байгуулна гэсэн байв. 

Жижиг эдийн засагтай, нэг орноос экспортын хэт хамааралтай манай улсын хувьд биржийн хувьцаа эзэмшигчид,  үүсгэн байгуулагчид нь гадаадын хөрөнгө оруулалтаас хамаарал багатай байх ёстой гэдэг дээр тухайн үед салбарын цөөнгүй хүн санал бодлоо илэрхийлсэн. Хэдийгээр биржийн тухай хууль гараагүй боловч ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэд  байгуулсан “Монголын эрдэс баялгийн бирж” компани   ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит “Эрдэнэс Монгол”, хувийн хэвшлийн “МСХ клиринг” ХХК-ийн 2019 онд хамтран байгуулсан тус компани  үндсэн зорилгоо  “Уул уурхайн салбарын түүхий эдийн экспортыг зохицуулалттай, зохион байгуулалттай зах зээлээр дамжуулан нээлттэй, ил тод хэлбэрээр арилжаалах олон улсын жишигт нийцсэн зах зээл бий болгоно” хэмээн тодорхойлжээ. Байгуулсан жилдээ Гүйцэтгэх удирдлага  томилж, ТУЗ-ийн анхдугаар хурлаараа компанийн төслийн төлөвлөгөөг  баталж, үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Үүнээс өөр тодорхой мэдээлэл байдаггүй. Юутай ч салбарын яамны боловсруулсан Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн үзэл баримтлалыг Сангийн яам дэмжиж, одоогоор ХЗДХЯ-нд хэлэлцэх шатандаа яваа ажээ.  Энэхүү хуулийн төслийг бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, УУХҮ-ийн Сайдын зөвлөх Р.Очбадрахын яриагаар бол төрийн өмчит компаниудын бүтээгдэхүүнийг арилжаалахад төрийн өмчтэй бирж байгуулахаар зорьж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг өнөөдөр зах зээлийн бодит үнээр арилжаалж чадахгүй байгаагийн дээр бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээ, худалдах үнийн нөхцөл, мэдээлэл нь хаалттай байна. Нүүрс, зэс, жоншны баяжмал болон бусад бүтээгдэхүүний экспортын худалдаанд төрийн албан хаагчид ихээхэн оролцдог болсоор удаж байгаа. Төрийн өмчит компанийн ерөнхий захирлууд  арилжаанд оролцдоггүй, ачилтын асуудлыг хариуцдаг учраас экспортын үлэмж хэмжээний орлогоо алдаж байгаа нь нууц биш.  Тиймээс эрдсийн биет бүтээгдэхүүний арилжааны гэрээнүүдийг олон улсын жишиг, стандартаар хийх нь өнөөдөр тулгамдсан асуудал болжээ. Тэгэхээр дээр дурдсан хүндрэлүүдийг гаргахгүйн тулд Засгийн газрын эрх үүргийн дагуу биржийн арилжааг зохицуулах Зөвлөлийг байгуулах шаардлагатай. Эрдэс баялгийн худалдаанд оролцогч талууд болох яам, агентлагуудын үйл ажиллагааг уг Зөвлөл зохицуулж байх нь оновчтой юм.  Олон улсын туршлагаас харахад,  Эрдэс баялгийн биржийг (Манайд уул уурхайн бүтээгдэхүүний бирж гэж нэрлэх нь оновчтой)  өндөр үр өгөөжтэй ажиллуулахын тулд эхний ээлжид биржийн үйл ажиллагаа, арилжааг явуулах дүрэм журмуудыг баталж, биржийн үйл ажиллагааг явуулах маш сайн ТЭЗҮ боловсруулах ёстой. ТЭЗҮ-д  эрдсийн бүтээгдэхүүнийг борлуулах гэрээний загваруудыг боловсруулах, бүтээгдэхүүн бүрийн үнэ бүрдэх зарчмыг харгалзан үзэх, бүтээгдэхүүний чанар, стандартыг олон улсын бирж болон Хятадын худалдан авагчдын стандартын шаардлагад хэрхэн хүргэх вэ гэдгийг  тодорхой болгох шаардлагатай. Энэ бүгдэд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Товчхондоо эдгээр ажлыг шийдэхгүйгээр бирж байгуулж, үр өгөөжтэй ажиллах боломжгүй юм.    

                                
Биржийг салбараар нь уул уурхайн бирж (алт, зэс, ховор болон үнэт металл), эрчим хүч (нефть, нефтийн бүтээгдэхүүн, байгалийн хий), хөдөө аж ахуйн түүхий эдийн бирж гэж ангилж байгаа бол байршлаар нь орон нутгийн, бүс нутгийн, олон улсын чанартай гэх мэтээр ялгадаг. Тэгвэл арилжааны хэлбэрээр нь бэлэн бүтээгдэхүүний, гэрээний арилжаа,  гэрээний арилжаан дотроо форвард, фьючер, опцион гэж ангилж байна.  Харин өмчийн хэлбэр талаасаа бол төрийн өмчийн, хувийн хэвшлийн, төр болон хувийн хэвшлийн хамтын өмчийн оролцоотой гэж байх жишээтэй.
Гэхдээ  Монгол Улсад биржийг байгуулахдаа гадаадын орнуудын амжилттай явуулж байгаа биржийн загварыг шууд хуулбарлаж үйл ажиллагаа явуулбал амжилтад хүрэхгүй. Аль болох өөрийн орны онцлогт тохирсон   бирж байгуулах нь оновчтой. Өнөөдрийн нэгдсэн стандартгүй, олон чанарын бүтээгдэхүүн гарч байгаа нөхцөлд Эрдэс баялгийн бирж байгуулах нь хүч, цаг хугацаа тарамдсан ажил болох талтай. Нэн түрүүнд биржээр худалдах бүтээгдэхүүний тоо хэмжээг тооцох хэрэгтэй. Төрийн өмчит компаниудын олборлож байгаа бүтээгдэхүүний чанар, стандартаас гадна цаашид нэмэгдэх тоо хэмжээг чухалчлах шаардлагатай. Хэдийгээр Монгол Улс экспортын төмөр замаа байгуулж байгаа ч манай улсын тээврийн дэд бүтэц хязгаарлагдмал. Тиймээс бирж ашиг өндөр байж чадах эсэх нь одоогоор эргэлзээтэй юм. 

Эрдэс баялгийн биржээр төрийн өмчит компаниудын уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдах бол яваандаа хувийн хэвшлийн сонирхлыг татах боломж бололцоог нь бүрдүүлж өгөх нь зүйтэй. Уул уурхайн бүтээгдэхүүний бирж нь хөрөнгийн биржээс тусдаа буюу бие даан үйл ажиллагаа явуулж, өндөр үр өгөөжтэй ажилладаг нь олон улсад туршигдсан, амжилттай хэрэгжиж байгаа загвар. Олон улсад идэвхтэй ажиллаж байгаа Эрдэс баялгийн биржүүдээс Хөрөнгийн биржийн платформ дээр үйл ажиллагаа явуулж байгаа хоёр гуравхан тохиолдол бий. Ихэнх нь Хөдөө аж ахуйн биржтэй хавсарсан байдлаар явагддаг. Тэгээд ч төрийн мэдэлд байгаа одоогийн Хөрөнгийн бирж олон асуудалтай тулгарсан хэвээр байна. Тус биржийг хувьчлах талаар олон жил ярьж байгаа ч шийдэгдэж чадаагүй. Үйл ажиллагаа, өрсөлдөх чадвар нь сул хэвээр. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулж чадаагүй байж дахиад төрийн мэдлийн Эрдэс баялгийн бирж байгуулах гэж оролдож байна хэмээн шүүмжлэх хүмүүс ч бий.

Эрдэс баялгийн  бирж байгуулснаар олон давуу тал бий болно. Үүний нэг асуудал бол чанар. Бирж дээр чанараас хамаарч үнэ тогтоно. Өндөр чанартай эрдсийн бүтээгдэхүүн өндөр үнэтэй байх боломжтой. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг татах боломж бүрдүүлдэг. Уул уурхайн салбарт тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг боловсронгуй болгох шаардлагатай. Олон улсын туршлагаас харахад, биржээр арилжаалах бүтээгдэхүүн нь хангалттай хэмжээний нөөцтэй байх, идэвхтэй арилжаа хийдэг хэрэглэгчтэй байх, стандартчлах боломжтой төрөл, чанартай бүтээгдэхүүн байх, тасралтгүй үйлдвэрлэл явуулдаг, агуулах болон ложистикийн сүлжээтэй байх ёстой. Монголд хангалттай хэмжээний уул уурхайн бүтээгдэхүүний нөөцтэй, хэрэглэгч орнууд нь газар зүйн байршлын хувьд ойр гэсэн давуу талууд байна. Аливаа бизнесийн үйл ажиллагаа, арилжаанд аль болох бага зардалтайгаар оролцох нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Худалдан авагч буюу эцсийн хэрэглэгч нь биржээр дамжуулан бараа, бүтээгдэхүүний худалдан авалт хийдэг. 

Эдүгээ уул уурхайн бараа, бүтээгдэхүүний биржүүдийн 50 орчим хувь нь АНУ, үлдсэн хувь нь Европ тив болон Азийн орнуудад байна. Барааны биржийн 46%-ийг хөдөө аж ахуйн бирж, 27%-ийг уул уурхайн бирж, 27%-ийг эрчим хүчний биржээр тус тус арилжаалж буй. Арилжааны хувьд Тянжины уул уурхайн бүтээгдэхүүний бирж гэхэд жилд 1 их наяд ам.доллар, Лондоны металын бирж 3-4 их наяд ам.долларын арилжаагаар хэмжигдэж байна. Өнөөдөр дэлхийн томоохон биржүүд, тэр дундаа Лондоны металын бирж блокчейны платформоор хөрөнгө оруулалт хийж байна. Энэ нь туршилтын шатандаа яваа ч ирээдүйтэй хэмээн мэргэжилтнүүд дүгнэж буй. Блокчейн технологийн платформ нь уламжлалт зах зээлтэй харьцуулахад зохицуулалт багатай.  Монгол Улсын хувьд биржийн үйл ажиллагаа эхэлж, жигдэрсний дараа шинэ платформыг хэрэглэх нь зүйтэй гэсэн мэргэжилтнүүд зөвлөдөг. Монголын хөрөнгийн бирж блокчейн технологийг туршаад үзэх боломжтой. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, уул уурхайн бүтээгдэхүүний бирж блокчейн технологи дээр платформоо хийгээд крипто валютаар арилжаалдаг функц оруулах шаардлагатай. Үүнээс гадна уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуультай зэрэгцүүлэн биржийн бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, биржийн дэд бүтэц, тээвэр ложистик, хил гаалийн терминалуудыг бий болгох хэрэгтэй. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн боловсруулсан  Эрдэс баялгийн бирж байгуулах ТЭЗҮ хэмээх эрдсийн зах зээлийн тойм судалгаа чанаргүй хийгдсэн гэсэн шүүмжлэл дагуулж байна. Энэ судалгаанд үндэслэн УУХҮЯ биржийн арилжаа хийхээр тооцож байгаа бол Эрдэс баялгийн бирж эрсдэлд орох талтай. Тиймээс бирж байгуулах талаар маш сайн, нарийвчилсан судалгаанд цаг гаргаж, эхний ээлжид биржийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг  боловсруулах нь  тулгамдсан асуудал болоод байна.