Монголын нүүрсний экспортын гол суваг болсон Гашуунсухайт-Ганцмод боомтын нүүрсний экспорт бүрэн зогссон тухай “Фэнвэй Энержи” агентлаг мэдээллээ. Боомтын нүүрсний экспорт өчигдрөөс (2021.08.23) эхлэн бүрэн зогссон ч зэсийн баяжмалын экспорт хэвийн үргэлжилж байгаа ажээ. Одоогоор тус боомтоор нэвтрэх нүүрсний тээвэрлэлтийг хоёр долоо хоногийн хугацаанд зогсоох төлөвтэй байна. Ийнхүү нүүрсний экспортыг зогсоох болсон нь Хятадын талаас цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгах болсонтой холбоотой юм байна.
Эх сурвалж: ГЕГ
Манай улсын нүүрсний экспорт оны эхний долоон сарын байдлаар 9.94 сая тоннд хүрээд байгаа тухай Гаалийн ерөнхий газар мэдээлсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.3%-иар буурсан дүн юм. Сарын дүнгээр задалж үзвэл өнгөрсөн долдугаар сард нүүрсний экспорт ердөө 648.6 мянган тонноор хэмжигдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 74.6%-иар буурсан дүнтэй гарчээ. Гэхдээ наймдугаар сар гарсаар нүүрсний экспортод ялимгүй сэргэлт ажиглагдаж эхэлсэн. Тодруулбал наймдугаар сарын эхний 15 хоногт манай улс 530 мянган тонн нүүрс экспортолсон талаар Үндэсний статистикийн хороо мэдээлсэн.
Монголын нүүрсний экспортын гол суваг хаагдах болсонтой зэрэгцэн Ганцмод боомтын агуулах дахь коксжих нүүрсний үнэ тун тутамдаа 2050-2100 юань болж өсчээ. Тус боомтын агуулах дахь коксжих нүүрсний нөөц 260 мянган тонн байгааг “Фэнвэй Энержи” мэдээлжээ.
Хятад улс өнгөрсөн долдугаар сард 3.77 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 50 орчим хувиар, өмнөх зургадугаар сарынхтай харьцуулахад 9%-иар тус тус буурчээ.
Б.Төгс