Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“А Проперти” Элга ордоос татах төмөр замын өртгийг 97.1 тэрбум рублиэр үнэлжээ 

Оросын РЖД тэргүүн ээлжээр “Элгауголь” компанийн уурхайгаас жилд 30 сая тонн нүүрсийг 5 жилийн хугацаанд БАМ-ын шугамаар тээвэрлэх тохиолдолд Элга ордоос Охотын тэнгис хүртэл төмөр зам татахад бэлэн гэдгээ тус нүүрсний компанийн удирдлага мэдэгджээ. Ийн мэдэгдэл бүхий албан захидлыг “Элгауголь” компанийн Ерөнхий захирал Александр Исаев ОХУ-ын Зам тээврийн сайдад илгээсэн аж. 

Тухайн захидалд өгүүлснээр, Элга ордын нүүрсийг БАМ-аар тээвэрлэх талаар РЖД албан ёсоор баталгаажуулсан өдрөөс шинэ төмөр замын төслийг “Элгауголь” компани эхлүүлэхийг онцолжээ. Ингэснээр төмөр замын төслийн хөрөнгө оруулалтын баталгаа болно гэж компани үзэж байна. Өөрөөр хэлбэл, тээврийг найдвартай хангаснаар нүүрсний экспортын орлогоор төмөр замын төслийг санхүүжүүлэх юм. Тус компанийн тооцоолж буйгаар, шинэ төмөр замыг 5 жилийн хугацаанд байгуулж ашиглалтад оруулна.

Элга ордын ойролцоох төмөр замын Улак өртөөг Охотын тэнгисийн эрэг буюу Чумикана тосгонтой холбох 500 км төмөр замыг барьж байгуулах нийт өртгийг 97.1 тэрбум рубль гэж компани тооцоолжээ. Үүнээс 37.3 тэрбум рублийг төмөр замд, 28.4 тэрбум рублийг төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд, 15.8 тэрбум рублийг боомт байгуулахад зарцуулах урьдчилсан төлөвлөгөөтэй байна.

Одоогийн байдлаар, Оросын төрийн РЖД компаниас албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Толгой компани “А Проперти”-ийн тайлбарласнаар, 2023 он гэхэд Элга ордоос жилд 45 сая тонн нүүрс экспортлох зорилттой уялдуулан төмөр замын найдвартай тээврийг хангах асуудал тулгамдаж байгаа аж.
“Элгауголь” нь “А Проперти” компанийн бүтэц бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд коксжих нүүрсний томоохон нөөцтэй Элга ордын төслийг хэрэгжүүлж байна. 

ОХУ-ын Якут дахь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй Элга ордын 95%-ийг “А Проперти” компани, 5%-ийг “Ростех” корпораци тус тус эзэмшдэг.

Э.Од