Хятадын “Tianqi Lithium”, Австралийн “Independence”-ийн хамтарсан компани Баруун Австрали дахь лити боловсруулах “Kwinana” үйлдвэрийг ашиглалтад оруулж буйгаа мэдэгджээ. Уг хамтрал үйлдвэрийг 2020 онд худалдаж авсан юм.
Дэлхийн литийн томоохон ордын нэг “Greenbushes” уурхайгаас түүхий эдийг “Kwinana” үйлдвэрт нийлүүлж байна. Үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн болох литийн гидроксидийн эхний багцыг туршилтаар үйлдвэрлэжээ. Тухайн бүтээгдэхүүн нь литийн цэнэг хураагуурын үйлдвэрлэлд ашиглагддаг.
2022 оны дөрөвдүгээр улирал гэхэд “Kwinana” үйлдвэрийн эхний шат жилийн 24 мянган тонн үйлдвэрлэлийн хүчин чадалд хүрэх аж. Хоёр дахь шатны өргөтгөл 2024 онд ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 48 мянган тонн болох төлөвлөгөөтэй. Цаашид үйлдвэрлэлийг жилийн 96 мянган тоннд хүргэх боломжтой гэнэ.
“Kwinana” үйлдвэрийг өнгөрсөн оны гуравдугаар сард ашиглалтад оруулах байсан ч дэлхий дахинд дэгдсэн цар тахлын нөхцөл, зах зээлийн таагүй байдлын улмаас хойшлуулжээ.
“S&P Global Platts”-ийн мэдээллээр, дэлхийн зах зээл дээр литийн гидроксидийн үнэ 18 мянган ам.доллар хүрч түүхэн дээд үзүүлэлтээр тооцогдож байна. 2021 он гарснаас хойш литийн гидроксидийн үнэ 2 дахин өсчээ.
Э.Од