Долдугаар сард Хятад улс 3.77 сая тонн коксжих нүүрс импортолж өмнөх сарынхаас 8.78%-иар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 48.8%-иар буурсан талаар тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ. Импортолсон коксжих нүүрсний дундаж үнэ 177.14 ам.доллар/тонн аж. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 62.81 ам.доллараар нэмэгдсэн байна. Харин өмнөх зургадугаар сарын үнээс 10.64 ам.доллараар өсчээ. Тус улс эхний долоон сард нийт 26.05 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Энэ нь 2020 оныхоос 43%-иар бага үзүүлэлт юм.
Хятадын коксжих нүүрсний зах зээл дээр нийлүүлэлтийн хэмжээгээр Орос улс тэргүүлж байна. Оросын Холбооны Улсын гаалийн албаны мэдээллээр, зургадугаар сард 2.85 сая тонн коксжих нүүрс Хятад руу экспортолжээ. Ингэснээр экспортоо өмнөх тавдугаар сарынхаас 18%-иар нэмэгдүүлсэн байна. Оросын экспортолсон коксжих нүүрсний дундаж үнэ 105.41 ам.доллар/тонн аж. Энэ нь тавдугаар сарын үнээс бараг 15 ам.доллараар нэмэгджээ. Эхний хагас жилд Орос улс нийт 13.81 сая тонн коксжих нүүрс экспортолж өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.5%-иар өссөн байна.
Монгол Улс зургадугаар сард 652.6 мянга, долдугаар сард 648.6 мянган тонн нүүрс тус тус экспортолсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 75%-иар буурсан үзүүлэлт юм. Эхний долоон сарын байдлаар манай улсын нийт нүүрсний экспортын хэмжээ 9.94 сая тонн байна.
Дээрхи үзүүлэлтээс үзэхэд, Монголын нүүрсний экспортын хэмжээнээс 4 дахин илүү коксжих нүүрсийг Орос улс Хятадын зах зээлд нийлүүлж байгаа юм.
Дөрөвдүгээр сараас хойш Хятадад нийлүүлэх Оросын коксжих нүүрсний экспорт тасралтгүй өсч буйг графикаас харж байна. Тэгвэл мөн хугацаанд тодорхой өдрүүдэд Монгол Улсын нүүрсний экспортын хамгийн том гарц Гашуунсухайт-Ганцмод боомтын тээвэр бүрэн зогссон юм.
Тодруулбал, КОВИД-19 халдварын улмаас дөрөвдүгээр сард 2 хоног, тавдугаар сард 5 хоног, 6-7 дугаар сар дамнан 28 хоног 0 зогссон бол наймдугаар сарын 23-наас эхлэн хоёр долоо хоногийн хугацаатай зогсоод байна.
Э.Од