Нүүрсний экспортын 95 орчим хувийг бүрдүүлдэг хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.
Гашуунсухайт боомтод үерийн далан, чингэлэг тээвэр, урт болон богинын тээврийн зам талбайн ажил хийгдэж, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. Есдүгээр сард ашиглалтад орох уг терминалыг “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгөөр байгуулж буй юм. Мөн Шивээхүрэн боомтын гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” (МАК) ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгсөн бөгөөд чингэлэгт тээврийн терминалын зам талбайн ажил эхэлжээ.
Хилийн боомтуудад чингэлэгт тээврийн терминал байгуулснаар хүн хоорондын шууд харилцаа багасч, жолооч нар хил нэвтрэхгүйгээр шуурхай ажиллах боломж бүрдэхээс гадна нүүрсний тээвэрлэлтээс үүдэлтэй байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөлөл буурч, нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэх юм. Хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах ажил Монгол Улсын Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн 185 дугаар тогтоолоор хэрэгжиж байна.
Эх сурвалж: УУХҮЯ