Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Эрдэнэс Монгол”: Хятадын тал Сэхэ боомтод нүүрс тээврийн жолоочгүй машин туршиж байна

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны /ӨМӨЗО/ Хөх хотод суугаа Ерөнхий Консул С.Батхуяг, ӨМӨЗО-ны “Ганц-Мод” боомтын зөвлөлийн дарга Алтанбагана, “И Тай Жун” группийн орлогч захирал Жау Вэйтэй цахим уулзалт хийлээ. Уулзалтаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн жолоочгүй тээврийн хэрэгсэл, чингэлэг тээврийн терминал, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 47 км төмөр замын төслүүдийн талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд “И Тай Жун” группийн орлогч захирал Жау Вэй цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нүүрсний нийлүүлэлтэд хүндрэлтэй асуудлууд тулгарч байгааг хэлээд цаашдаа орчин үеийн техник технологид суурилсан жолоочгүй тээвэрлэлт болон Шивээхүрэн чиглэлийн 47 км төмөр замын төслийн ажилд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. БНХАУ-ын зүгээс нүүрс тээвэрлэлтийг шинэ шатанд гаргах жолоочгүй тээвэрлэлтийг дэмжиж байгаа бөгөөд Сэхэ боомтын Засаг захиргааны удирдлага дор эхний ээлжинд 30 ширхэг жолоочгүй тээврийн хэрэгслэлийг туршиж байгаагаа онцолсон.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа уулзалтын төгсгөлд “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортод тээвэрлэлтийн асуудал чухал үүрэгтэй. Та бүхний хэлсэнчлэн коронавирус цар тахлын нөлөө богино хугацаанд арилахгүй гэдэгтэй санал нэг байна. Иймд нүүрс тээврийн экспортыг нэмэгдүүлэхэд орчин үеийн оновчтой шийдлүүдийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Хилийн боомтуудад чингэлэг тээврийн терминал байгуулах, жолоочгүй тээвэрлэлт болон төмөр замын асуудлыг анхаарч, Засгийн газрын холбогдох албаны хүмүүст танилцуулж, цаашид ажил хэрэг болгох чиглэлд анхаарч ажиллана” гэдгээ хэллээ.

 

 

Эх сурвалж: "Эрдэнэс Монгол" ХХК