Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Зэсийн нийлүүлэлтэд Камоа Какула хүч нэмэхээр ирлээ

Б.Төгсбилэгт

Канадын “Айвенхоу Майнз” болон Хятадын “Zijin Mining” дэлхийд хамгийн томд тооцогдох зэсийн шинэ төслийг Африкийн БНАКонго (Конго) улсад эхлүүлсэн нь эдүгээ нийлүүлэлтийн томоохон эх үүсвэр болон зах зээлд нэгдлээ. Өмнөд Африкийн Дурбаны далайн боомт хүртэл 3000 км замыг туулан   цааш Хятад руу далайгаар тээвэр­лэгдэн хэрэглэгчид очих анхны экспортын баяжмал ачсан машины цуваа Камоа Какула уурхайгаас  (долдугаар сарын 17-нд) хөдөллөө. Хятадын гол хэрэглэгчид нь “Zjijn Mining” болон “Citic Metal” бөгөөд уурхайгаас зэсийн баяжмал худалдан авах урт хугацааны гэрээ уурхайг эрхлэгч “Kamoa Copper SA” компанитай байгуулжээ. Жилдээ 3.8 сая тонн хүдэр боловсруулан 200 мянган тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай  Камоа Какула төслийн эхний шатыг тавдугаар сарын 25-нд ашиглалтад оруулсан.  Конго улсын урд хэсэгт орших уурхайн төслийн эхний шатны нийт хөрөнгө оруулалтын зардал 1.3 тэрбум ам.доллараар хэмжигдсэн. Уурхайн хүдрээс үйлдвэрлэсэн баяжмалыг бүгдийг нь экспортлохгүй, зарим хэсгийг дотооддоо нийлүүлэх зохицуу­лалт­тай. Өнгөрсөн зургадугаар сарын 1-нд ойролцоох зэс хайлуулах үйлдвэр “Lualaba”-д баяжмалыг нийлүүлэх болсон юм. Хятадын хөрөнгө оруулалттай “Lualaba” зэс хайлуулах үйлдвэрт 99%-ийн агуулгатай хар зэс үйлдвэрлэж байна.  

БНАКонго улсын хувьд Камоа Какула цоо шинэ түүх биш. Конго   нь кобальтын хамгийн том экспортлогч улс боловч үнэн хэрэгтээ зэсийн экспортоор Африк тивийн хамгийн том тоглогч юм. Энэ улсын нийт экспортын талаас илүүг зэс бүрдүүлдэг. Тэгвэл   дахин нэг томоохон зэсийн уурхай Камоа Какула-ийн эхний шат ашиглалтад орлоо. 
Камоа Какула орд  хэд хэдэн онцлогтой. Нэгд, уурхайн хүд­рийн агууламж асар баялаг. Хоёрт, далд уурхайн хэлбэрээр ашиглана. Гуравт, энэ уурхай илүү ногоон шийдлээр ажиллах боломжтой. 

Энэ боломжийг Конго улсад аль эрт ажиллаж эхэлсэн усан цахилгаан станцын байгууламжийг шинэчлэн тордох замаар нөхцөлдүүлж байна. Тиймдээ ч Айвенхоу-ийн үндэслэгч Роберт Фридланд уурхайг дэлхийн хамгийн ногоон шийдэлтэй буюу хүлэмжийн хийн ялгаруулалт багатай уурхай болно гэж мэдэгдсэн. Фридланд уурхайг хүлэмжийн хийн тэг ялгаруулалт бүхий анхны уурхай байх болно гэж зарласан нь томоохон хүлээлт үүсгээд байна. 

 Уурхайн нэг, хоёрдугаар шатад ойролцоогоор 85-100МВт цахилгаан шаардагдана. Уг асуудлыг Конго дахь “Mwadingusha” усан цахилгаан станцыг шинэчилж 78МВт-аар өргөтгөн шийдвэрлэж байна. Мөн Inga II усан цахилгаан станцыг шинэчлэн 162МВт эрчим хүч нэмэлтээр үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Ингэснээр уг уурхайд БНАКонго улсын эрчим хүчний шугамаас үндсэндээ 240МВт цахилгаан нийлүүлэх боломж бүрдэнэ. 
Камоа Какула-ийн уурхайн лиценз нь Кансоко, Хойд Камоа (дотроо таван дэд уурхайтай), Какула, Баруун Какула гэсэн хэсгээс бүрдэнэ. Одоогоор Какула уурхайг ашиглаж  байгаа бөгөөд удахгүй Кансоко уурхайг олзворлож эхлэх юм. Жилдээ 6 сая тонн хүдэр олборлох хүчин чадалтайгаар Какула далд уурхай  эхлүүлсэн. 
Уурхайн дэргэд 3.8 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай хоёр модулийг ашиглалтад оруулж байгаагийн эхнийх нь аль хэдийнэ баяжмалаа үйлдвэрлэх болсон. 

2022 оны гуравдугаар улиралд дараагийн баяжуулах үйлдвэрээ “өлгийдөж” авахаар Айвенхоу, Zijin зорьж байгаа юм. 

Ингэснээр уурхайн баяжуулах үйлдвэрийн хүчин чадал 7.6 сая тоннд хүрч, жилдээ 400 мянган тонн зэс агуулсан баяжмал үйлдвэрлэнэ.
Гурав дахь шатны баяжуулах үйлдвэр байгуулах судалгааг Zijin Mining урагшлуулж байна. Аажмаар шат дараатай баяжуулах үйлдвэрүүдийг нэмж  ашиглалтад оруулснаар нийт хүчин чадал 19 сая тоннд хүрнэ. Өргөтгөлд шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг тухай бүрд борлуулалтын орлого, зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. 

Олборлолтын тухайд эхний ээлжид Какула, Баруун Какула, Кансоко уурхайг ашиглах бол дараагийн ээлжид Хойд Камоагийн уурхайнуудыг ашиглана. Тус бүр 6 сая тонны хүчин чадалтай гурван уурхайг Какула, Кансоко, Баруун Какула дээр байгуулах юм. Мөн дахин нэг сая тонн  хүчин чадалтай уурхайг Хойд Камоа дээр нээх аж. Хойд Камоа-ийн хүрээнд нийтдээ 5 дэд уурхайг ашиглахаар төлөвлөжээ. Какула, Кансоко, Баруун Какула-ийн нөөц шавхагдмагц Хойд Камоа-ийн олборлолт эрчимжинэ. Удахгүй нэг сая тонны хүчин чадалтай зэс хайлуулах үйлдвэрийг ч байгуулахаар төлөвлөгөөнд тусгажээ. Тодруулбал нэг сая тонн баяжмал боловсруулж, 467 мянган тонн хүртэлх хар зэс үйлдвэрлэх хүчин чадалтай хайлуулах үйлдвэр байгуулна. Уг үйлдвэрээс мөн дайвар бүтээгдэхүүн 710 мянган тонн хүхрийн хүчил   гарна. Какула-ийн үйлдвэрийн зэсийн баяжмалыг боловсруулахад Оутотекийн хайлуулах үйлдвэрийн технологи хамгийн тохиромжтойг тогтоожээ. Иймд Оутотекийн хайлуулах үйлдвэр тэнд сүндэрлэх ажээ. 

Камоа Какула-ийн баяжуулах үйлдвэрийн хүчин чадал одоогийн 3.8 сая тонноос 19 сая тоннд хүрнэ 
 

Камоа Какула уурхайн цогцолборын бүтэц

 
Камоа Какула-ийн бүлэг ордыг анх “Айвенхоу Майнз” компанийн геологич нар  2008 онд нээсэн. Энэхүү ордыг тус компани Хятадын “Zijin Mining” компанитай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн 20%-ийг БНАКонго улсын Засгийн газар эзэмшдэг бол 39.6%-ийг Айвенхоу Майнз, 39.6%-ийг Zijin Mining, мөн 0.8%-ийг Crystal River эзэмшдэг. Гэхдээ Айвенхоу Майнз-ын хамгийн том хувьцаа эзэмшигчид Хятадын “Zijin Mining”, “Citic Metal” зэрэг компани юм. 

Орд нээсэн түүхийг авч үзвэл 1971-1975 онд анх Конго дахь Tenke Fungurume консорциум хайгуул судалгааны ажлыг эхлүүлжээ. Улмаар уг ордыг хамарсан талбайн зөвшөөрлийг 2003 онд Айвенхоу авч хайгуул хийх болсон. Дараа нь 2012 онд Камоа төсөлд 30 жилийн хугацаатай ашиглалтын тусгай зөвшөөрлийг Конго улс олгожээ. 
Уг орд нь хамгийн баялаг агууламжтай хүдэртэйг дээр дурдсан. Тэгвэл одоо эхлүүлээд буй уурхайн хүдэр дэх зэсийн дундаж агууламж нь 5-6%-иар илэрхийлэгдэх тухай Айвенхоу онцолж байна. Энэ нь асар өндөр агууламжтайн илрэл. Тийм ч учраас уурхайн хүчин чадал оргил үедээ  ердөө 19 сая тонн хүдэр боловсруулах хэдий ч даруй 800 гаруй мянган тонн зэс агуулсан баяжмал үйлдвэрлэж, дэлхийн хоёр дахь том уурхай болох төсөөлөлтэй. Энэ үед тус уурхайн урд зөвхөн Чилийн Эскондида л бичигдэх болно.
Харьцуулж үзвээс, Оюутолгойн баяжуулах үйлдвэр   жилд 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай боловч баяжмал дахь зэс нь дунджаар 150-180 мянган тонноор илэрхийлэгддэг. Далд уурхай ашиглалтад орох үеэр хүдрийн агууламж нэмэгдэж баяжмал дахь зэсийн хэмжээ 600 хүртэлх мянган тоннд хүрэх төсөөлөлтэй байна. 

Мэдээж Оюутолгойн далд уурхайн хүдрийн агууламж өндөрт тооцогдох ч Конго дахь шинэ уурхайнхыг арай гүйцэхгүй. Өөрөөр хэлбэл Камоа Какула уурхайн баяжуулах үйлдвэрт илүү бага хүдэр боловсруулах ч гарц өндөр   гэсэн үг. Иймдээ ч Конго-ийн зэсийн уурхайн хүдрийн агууламж нь дэлхийд хосгүйд тооцогдоно. 
Уурхайг нийтдээ 43 жил ашиглахаар төлөвлөжээ. Энэ дотроо эхний ээлжид ашиглалтад ороод буй Какула уурхайгаас 21 жилийн хугацаанд  5.22%-ийн дундаж агуулгатай нийт 110 сая тонн хүдэр олборлох юм. Ингэхдээ Какула уурхайд нийт 10.8 тэрбум фунт зэс агуулсан 8.5 сая тонн баяжмал үйлдвэрлэхээр тооцоолжээ. Эндээс үйлдвэрлэх баяжмалын агуулга нь 50 гаруй хувьтай гарна. Дэлхийн зах зээлд дунджаар 20-30%-ийн агуулгатай баяжмал худалдаалж байгаатай харьцуулахад Какула-ийн баяжмалын агууламж маш өндөр.

Камоа Какула төсөл 8  уурхайгаас бүрдэнэ

Энэ төслийн хүрээнд багтах бүлэг орд нь “Mining Intelligence” байгууллагын тооцооллоор 37.9 сая тонн зэсийн нөөцтэй.Харин “Айвенхоу Майнз” компанийн мэдээллээр, ордын нийт нөөц 40 гаруй сая тонн ажээ. Төслийн хүрээнд нийтдээ 2.7%-ийн дундаж агуулгатай 1.4 тэрбум тонн хүдэр буюу 83.7 тэрбум фунт зэсийн нөөц ашиглах боломжтойг Роберт Фридланд тодотгосон. Гэхдээ энэ нь яг эдийн засгийн үр ашигтай нөөц биш боловч төслийн цар хүрээ, боломжийг харуулж байна. 

БНАКонго улс  дэлхийд томд тооцогдох уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулж буй нь яах аргагүй ашигтай алхам. Энэ улс 50 тэрбум ам.долларын эдийн засагтай ч нэг хүнд оногдох ДНБ нь ердөө 600 орчим ам.доллараар илэрхийлэгдэнэ. Асар их баялагтай хэрнээ хүн амын орлогын түвшин багатай орон. Цаашид уг уурхайгаас илүү их хувь шаардах магадлал өндөр. Учир нь уурхайн ашиглалтын хүрээнд Конгод оногдох татвар төдийлөн хангалтай биш байж болох юм. Конго улсын зэсийн салбарт Хятадын нөлөө асар ихээр нэмэгдэх болсон.  China Molybdenum (CMOC) компани Конго дахь “Tenke Fungurume” болон бусад томоохон зэс, кобальтын уурхайг “мэдэлдээ авсан” юм. Мөн Хятадын CNMC  нь Конгод анхны зэс хайлуулах пирометаллургийн Lualaba үйлдвэрийг байгуулсан. Одоо харин Айвенхоу зэс хайлуулах хоёр дахь үйлдвэрийг байгуулахаар конгочуудыг  “уярааж”, төслийн үйл ажиллагааг саадгүй урагшлуулж байна. Учир нь БНАКонго түүхийгээр нь эрдсийг экспортлохыг хориглосон боловч Айвенхоу-д харьцангуй найр тавьжээ. Ийнхүү Фридланд Конго улсын дотоодоос эрчим хүч аваад зогсохгүй хайлуулах үйлдвэр байгуулах зэргээр тус улсын Засгийн газрын арга эвийг нь олж байна. 2012 онд төслийн 5%-ийг Конго-ийн засагт өгч байсан бол 2016 онд дахин 15%-ийг нэмж олгосон. 

Төслийн хугацаанд зэсийн ханшийг дунджаар тонн тутамдаа 6600-7000 ам.доллар байна гэж таамаглан нийт 130 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олохоор тооцжээ. Эндээс 7 тэрбум ам.долларын роялти, 1.4 тэрбум долларын гаалийн татвар, 18.7 тэрбум долларын аж ахуйн нэгжийн орлогын татварыг Конгод төлөхөөр тооцжээ. Харин татварын дараах чөлөөт мөнгөн урсгалын хэмжээ нь 37.8 тэрбум ам.доллараар илэрхийлэгдэх урьдчилсан тооцоо гарчээ. 

Дэлхий даяар өрнөсөн   ногоон шилжилтийн нөлөөгөөр зэсийн зах зээлийн хэт маш өөдрөг  төлөвтэй  энэ үед урт хугацаанд ханшийг 7000 ам.доллар/тонноор тооцсон нь нэлээд “хаширласан” гэмээр. Аливаа төслийн тооцоолол угаас нэлээд даруухан төлөвт үндэслэдэг. Хэрэв үнэ зах зээлд одоогийн түвшинд түүнээс ч илүү өсөх аваас төслийн өгөөж нэмэгдэх нь гарцаагүй юм.