Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2021” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч “ГРАНД МАЙНИНГ ЭКЮПМЕНТ” ХХК-ийн захирал Ж. Эрдэнэбилэгээс тус арга хэмжээнд хэрхэн оролцох талаар нь тодруулсан юм.
- “Mongolia Mining” үзэсгэлэнгийн цар хүрээг хэрхэн харж байгаа вэ?
-2021 оны есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд “Мongolia Mining” экспо зохион байгуулагдах гэж байна. “Мongolia Mining” үзэсгэлэнгийн 10 жилийн тэгш ой тохиож байгаа, мөн цар тахлын улмаас өнгөрсөн жил өнжсөн зэрэг шалтгаанаас хамаарч хүлээлт байгааг мэдэрч байна.
“Дэлхийн технологийг дэргэдээсээ” уриан дор зохион байгуулагддаг энэ үзэсгэлэнд манай компани уул уурхай, техник үйлдвэрлэлтээрээ тэргүүлэгч Хятадын “Сани” брендийг танилцуулахаар ерөнхий спонсороор оролцож байна.
“Мongolia Mining” үзэсгэлэн анх техник борлуулалт, танилцуулга хэлбэртэй байснаа хамрах хүрээ нь өргөсч одоо нэгэнтээ Монголын уул уурхайн салбарынхны хүсэн хүлээдэг хамгийн том үзэсгэлэн болж чаджээ. Энэ үзэсгэлэнг 10 жилийн турш зохион байгуулсан “Майнэкс Монголиа” ХХК-ийн хамт олон болон захирал Т.Баттулгад талархал илэрхийлье.
Уул уурхайн салбарынхан тэнд очиж өөрсдийн одоо байгаа бодит орчноо харж мэдэрдэг, өрсөлдөгч болон хамтран ажиллагчид хаана байгааг анзаардаг, салбарын цаашдын чиг хандлага хаашаа явж байгаа, бүтээмж-үр ашиг-өсөлт хэрхэн бий болж байгаа, уналт эрсдэл хаанаас ирэх төлөвтэй байгаа, инноваци технологи, ноу хау, чанарын шаардлага, санхүүгийн боломж, нөхцөл , хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж байгааг харьцуулан хардаг Монгол улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбарын цаг агаарыг бүхэлд нь том зургаар нь харах боломжийг олгодог том платформ тайз болсон гэж боддог.
- “Mongolia Mining” үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах гэж байна. Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар онцлох бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна?
-“Гранд Майнинг Экюпмент” ХХК нь энэ удаагийн үзэсгэлэнд Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа гол зорилго нь нийт уул уурхайн салбарынхандаа “Бүтээлээ дээшлүүлэх-ур ашгаа өсгөх” шинэ боломж олгох зорилготой юм.
Монголчууд бид уул уурхайгаа зах зээлийн системд хөгжүүлээд 30-аад жил болж байна. Бид хэт өндөр үнэтэй, ашиглалтын зардал өндөртэй техник хэрэгсэл ашигладгаас болж техник төхөөрөмжийнхөө зардлыг 5-6 жилд нөхдөг бөгөөд энэ үед техникүүд маань ч ашиглалтаас гарч байна. Тиймээс уурхайд ямар ч хуримтлал үүсч хөгжиж чадахгүй байх шиг. Иймээс бид боломжийн хямд үнэтэй, ашиглалтын зардал бага, санхүүгийн нөхцөл боломжийн чанартай техник хэрэгслийг нийлүүлж ядаж, хоёр жилдээ тоног төхөөрөмжийн үнээ төлчихөөд үлдсэн хугацаандаа үр ашиг үйлдвэрлэж уурхайгаа хөгжүүлдэг техник технологи нэвтрүүлэх зорилготой байна.
Өнөөдөр бид дэлхийд борлуулалтаараа тэргүүлсэн, олон улсад зөвшөөрөгдсөн уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Сани” брэндийн бүтээгдэхүүнийг оруулж ирж салбарт бүтээмж-үр ашиг авчрахаар байна.
Хүнд машин механизмын “Сани” үйлдвэр нь өнөөдөр дэлхийн дөрвөн улсын 10 аж үйлдвэрийн парк дээр 25 үйлдвэр байгуулж, 8000 бэлтгэн нийлүүлэгчийг хамруулж, 25 зориулалтын 120 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 150 улсад борлуулж байна. Өнгөрсөн 30 жилд “Сани” дэлхийд борлуулалтаараа тэргүүлэгч болж чаджээ.
"Сани”-гийн “үнэ хямд-ашиглалтын зардал бага-өндөр чанартай” техник төхөөрөмжийг Монголын уул уурхайн салбартаа нэвтрүүлэхийг зорьж байна. Ингэж чадвал манай уул уурхайн бүтээгдэхүүний бүтээмж нэмэгдэж, зардал багасч, бүтээгдэхүүний үнэ ч хямдарч, бидний өрсөлдөх чадвар улам сайжирна.
- “Гранд Майнинг Экюпмент” компанийн үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг уншигчдад өгнө үү?
-Манай “Гранд Майнинг Экюпмент” ХХК нь 2016 оноос “Сани” групптэй харилцаж 2019 оноос албан ёсны дистрибютерээр ажиллаж байна. Энэ хугацаанд бид “Сани” брэндийн 60 тн-ын даацтай гурван тэнхлэгт дамп тракуудыг Монголын уул уурхайн компаниудад зориулан нийлүүлж эхэлсэн. Үзэсгэлэнгийн гадаа талбайн хэсэгт уг техникийг дэлгэн үзүүлсэн байгааг та үзэж сонирхож болно. Манай борлуулж буй машин техникүүд нь ижил төрлийн дампуудаас 3-5 жилийн дараа үйлдвэрлэгдсэн бөгөөд ижил төрөл машинууд дээр ажиглагддаг бүхий л сул талыг сайжруулан засч хийснээрээ техникийн шинэ шийдэл болсон юм. “Сани” бол зөвхөн техник үйлдвэрлэж нийлүүлдэг төдий биш мөн санхүүгийн маш таатай, хүү, зардал багатай бүтээгдэхүүнийг худалдан авагчдадаа санал болгодгоороо онцлог байдаг. “Сани” хэрэглэгчдэдээ бүтэн жил хүүгүй лизингээр бүтээгдэхүүнээ борлуулах боломж олгож байгаа. БНХАУ-ын энэ санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд оруулж ирэх тал дээр бид одоо идэвхитэй ажиллаж анхны томоохон үр дүн ч гарч эхлээд байгааг хэлэхэд таатай байна.
"Сани"-гийн бүтээгдэхүүн нь Монголын нөхцөлд хамгийн тохирсон. Яагаад гэвэл үнэ болон ашиглалтын зардал харьцангүй хямд боловч бүтээмж, эдийн засгийн үр ашигтай байдлаараа манай урд хөршийн техникүүдийг тэргүүлэн дэлхийд өрсөлдөж байна. Зөвхөн тээвэр ложистик талаас нь л жишээ авч харахад ямар их давуу тал байгаа нь хүн бүрд ойлгомжтой. Далайн тээврийн зардал огцом өсч байгаа энэ үед “Сани”-гийн бүтээгдэхүүнийг машинаар, вагоноор, онгоцоор яаж л бол яаж татаж болох том давуу талтай. Бидний шинээр импортолж байгаа “Сани”-гийн 100 тн-ын дампууд гэхэд “Каминс” мотор, “Алисон” хурдны хайрцаг, рекстроны гидро, днафосс насос гээд л дэлхийн нэртэй брэндүүдтэй хамтарч хийсэн. Уул уурхай бол хүнд салбар. Гэхдээ хүнд ажлыг заавал хүндээр биш харин ухаалгаар хийх боломж үргэлж байдаг. “Сани”-гийн техникүүд, түүнийг дагасан борлуулалтын өмнөх ба дараах үйлчилгээнүүд бол танд яг тийм боломжийг олгоно гэдгийг хэлэхэд таатай байна.
- Уул уурхайн салбарын төлөөлөл болсон компанийн хувьд Монголын уул уурхайн салбарын ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн харж байна вэ?
Монголын уул уурхайн салбарын цаашдын хандлагыг их эергээр харж байгаа. Нэгдүгээрт, Монголын уул уурхайн салбарынхан ур чадварын хувьд маш өссөн төдийгү өөрсдөө бие даан ямар ч уурхайг олон улсын түвшинд ажиллуулах чадвартай болсон. КОВИД-19-ийн нөлөөгөөр үүсч байгаа эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван гарах гол гарц одоохондоо уул уурхайгаас өөрөөр харагдахгүй байна. Энэ үүргээ ч манай салбарынхан амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.
Хоёрдугаарт, одоо өрнөж байгаа төмөр зам, дэд бүтцийн зэрэг бусад томоохон төслүүд амжилттай хэрэгжихэд тэдгээрийг дагаад уул уурхайн шинэ төслүүд ажилд орж салбарын үр ашигтай байдал эрс нэмэгдэн шинэ шатанд гарна гэж харж байна.
Гуравдугаарт, Хятадын нүүрсны хэрэгцээ улам өсч байна. Дэлхий дээр далайн тээврийн үнэ огцом үнэтэй болж байгаа. Тиймээс ойрын таван жилийн хугацаанд манай уул уурхайн салбарт дараагийн томоохон тэсрэлт явагдахаар боломж харагдаж байна. Монголын нүүрс Оросын, АНУ-ынхаас 40-46 хувь хямд байгаа. Гагцхүү тэр боломжийг бид үр ашигтай ашиглаж бодит байдал болгоход хэр зэрэг бэлэн байна вэ гэсэн асуудал гарч ирнэ. Энэ үзэсгэлэн ч гэсэн тэр асуултад тодорхой хэмжээнд хариулт өгөх нэг талбар болж байгаа болов уу гэж бодож байна. Бид ч “Сани” бүтээгдэхүүнээ яаралтай ихээр нийлүүлж өөрийн орны уул уурхайн салбарын “бүтээлийг нэмэгдүүлж-үр ашгийг өсгөж” дэлхийн өрсөлдөх чадварийг нь улам нэмэгдүүлэх хүсэлтэй байна.
-Танд баярлалаа.