Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Олборлох салбарыг нээлттэй болгох нь” хөтөлбөрийн нээлт боллоо

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) Олон улсын нарийн бичгийн газар, “Нээлттэй өмчлөл” байгууллага, BHP сангийн түншлэлийн хүрээнд “Олборлох салбарыг нээлттэй болгох нь” хөтөлбөрийн цахим хурал өчигдөр боллоо. Энэхүү хөтөлбөрийг байгалийн баялагтай орнуудад хэрэгжүүлснээр олборлох салбарын орлогыг  цөөнхид, тэднийг баяжуулахын төлөө бус хөгжлийн төлөө  л зарцуулагдах нь ач холбогдолтой хэмээн ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын гүйцэтгэх захирал Марк Робинсон цахим форумын нээлтийн үгэндээ онцоллоо.

“Энэхүү хөтөлбөр нь улс орнуудын татварын орлогыг нэмэгдүүлж авилгын эсрэг үйл ажиллагааг сайжруулна. Ингэснээр олборлох салбарт зөрчил сөргөлдөөн багасаж, Засгийн газрын орлогыг хөгжлийн төлөө зарцуулах нөхцөлийг бүрдүүлж, байгалийн баялгаас хамааралтай улс орнуудын  ард иргэдийн амьдралын чанар сайжирна” хэмээн тэрээр онцолсон. Тус хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа ВHP сангийн Гүйцэтгэх тэргүүн, мэргэжилтэн ноён Жеймс Энсор олборлох салбарт үүсээд буй үл ойлголцол, зөрчлийг багасгах нь энэ хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх болсон шалтгаан юм” гэлээ.  

Өнөөдөр дэлхийн 120 орчим улсын бүхий л салбарт эцсийн өмчлөгчдийг ямар нэг байдлаар ил болгож эхлээд байгаа юм. Харин ОҮИТБС-д нэгдсэн 50 гаруй улс олборлох салбарын компаниудын эцсийн өмчлөгчдийг ил болгохоо илэрхийлээд байна. Эдгээрээс Аргентин, Гана, Мексик, Монгол, Филиппин, Замби зэрэг 9 улсын Засгийн газар ямар нэг байдлаар эцсийн өмчлөгчдийг ил болгож эхлээд буйг Нээлттэй өмчлөл байгууллагын төлөөллүүд тодотгов.

Уг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагчдын зүгээс ирэх 5 жилийн хугацаанд эцсийн өмчлөгчдийг ил тод болгоход тухайн улс орны онцлогт тохирсон дэмжлэг, техникийн туслалцаа үзүүлэх юм. Энэ удаагийн цахим форумаар улс орнууд эцсийн өмчлөгчөө ил тод болгоход тулгарч буй сорилт бэрхшээл, туршлага, арга зүйн талаар мэдээлэл хуваалцлаа.  Монгол Улсын хувьд эцсийн өмчлөгчдийг ил тод болгох ажлыг 2017 оноос төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2019 онд тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын 10 гаруй хувь, 2020 онд 30 гаруй хувь нь эцсийн  өмчлөгчөө ил тод болгоод байна.

Цахим форумаар эцсийн өмчлөгчдийн талаарх одоогийн шинэчлэл, бүртгэлийн дэлхийн сан, ил тод болгоход Засгийн газруудаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тойм мэдээллийг хүргэсэн юм. Түүнчлэн Африк болон  Ази тивээс оролцогч улсын Засгийн газрын төлөөллүүд эцсийн өмчлөгчийн асуудалтай холбоотой хийгдэж байгаа шинэчлэлээ урагшлуулах, тодорхой амлалтуудаа хэрэгжүүлж байгаа туршлагаа хуваалцлаа.  

Г.Идэр