Хятад улс хилийн чанадад нүүрсний цахилгаан станц шинээр байгуулах төсөл хэрэгжүүлэхгүй бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бусад улс орнуудтай нэгдэнэ. Энэ талаар БНХАУ-ын дарга Си Жинпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган дээр (2021.09.21) мэдэгджээ. Тэрээр “Хятад улс нь хөгжиж буй бусад орнуудын “ногоон” болоод нүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүчийг хөгжүүлэхэд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, хилийн чанадад нүүрсний цахилгаан станц шинээр барихгүй” гэж видео мэдэгдэлдээ дурдсан аж.
“Дэлхийн цаг уурын дулааралтай тэмцэхэд Хятад улс өөрийн санаачилгаар бас нэг чухал алхам хийж байна. Үүний өмнө Си дарга мэдэгдсэнээр, Хятадын нүүрсхүчлийн хийн ялгаруулалт 2030 онд оргилдоо хүрч, 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтгүй улс болно” хэмээн Хятадын олон улсын судалгааны хүрээлэнгийн дэд Ерөнхийлөгч Руан Жунжэ тайлбарлажээ.
Хятадын Төрийн тэргүүний энэхүү мэдэгдлийг “томоохон хувь нэмэр” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн тусгай элч Жон Керри тодорхойлсон байна.
Э.Од