Засгийн газрын (2021.09.22) ээлжит хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулах төсөлтэй холбоотой шийдвэрийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулах гэрээнд Эрчим хүчний яам (2021.09.17)үсэг зурснаар тус төслийн барилга угсралтын ажил албан ёсоор эхэлж байна. Хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулах төслийг хэрэгжүүлнэ. ТЭЗҮ-ээр төслийн нийт өртөг 288 сая ам.доллар байсан.
Зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерийг зээл олгогч Хятадын талын энэ төрлийн туршлагатай, санхүүгийн боломжтой компаниудын дунд зарласан. Тендерт БНХАУ-ын төрийн “Power construction corporation of China Ltd” болон ‘’Powerchina Chengdu Engineering corporation limited” компанийн түншлэл шалгарсан. Шалгарсан компани 271 сая ам.доллараар, 61 сарын хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ. Төсвийн өртөг 14 сая ам.доллараар хямдарч байна. Нийт 61 сар нь станц ашиглалтад орж, Монгол Улсын нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхлэх хугацаа юм. Тодруулбал, 10-11 сар бол станцын усан санг дүүргэх, 50 орчим сард барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ.
Барилга угсралтын ажлын явцад 800-1000 түр ажлын байр бий болно. УЦС ашиглалтад орсноор, тогтвортой айлын байрны тоо 80 орчим байна. Бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцээд УЦС-ын эх үүсвэрийг Монгол Улсын эрчим хүчний сүлжээнд холбох “Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай” гэсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Цахилгаан дамжуулах агаарын энэхүү шугам, дэд станцын зураг төслийн ажил 2022 оны нэгдүгээр сард дуусна. Үүний дараа барьж байгуулах санхүүжилтийг шийдвэрлэх аж.
Уг станцын БОННҮ-ээг хийсэн байна. Үнэлгээний дагуу нөлөөллийг арилгахаар ажиллаж буй. Усан сан байгуулах газар нутагт одоо амьдарч байгаа мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг 258 айл өрхийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Тус ажилд зарцуулах хөрөнгө санхүүжилтийг улсын төсөвт үе шаттай суулгаж шийдвэрлэнэ. Урьдчилсан тооцоогоор, 12 орчим тэрбум төгрөгийн зардал гарна. Гэхдээ нарийвчлан судалж байгаа ба зардал нэмэгдэх магадлалтай. 2022 он гэхэд эхний ээлжинд 98 айлыг нүүлгэн шилжүүлэхээр тохиролцжээ.
Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах нийт 27 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Өөрөөр хэлбэл, тухайн газрыг иргэд, аж ахуйн нэгжүүд чөлөөлөх үүрэг хүлээж байна.
Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор, баруун бүс болоод Алтай, Улиастайн эрчим хүчний сүлжээг дотоодоос хангах бүрэн боломжтой болно. Өнөөгийн байдлаар, баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогддог хэрэглэгчдийн эрчим хүчний нийт хэрэглээний 70 орчим хувийг ОХУ-аас импортолж байна. Импортын эрчим хүчний үнэ хэрэглэгчдэд нийлүүлж буй үнээс өндөр байгаа. Импортолж буй хэмжээнээс хамаараад үнийн зөрүүгээс жилд дунджаар 13-15 тэрбум төгрөгийг улсын төсвөөс татаас авч ОХУ-ад төлж байна. ТЭЗҮ-ээр УЦС-аас үйлдвэрлэгдэх 1КВт эрчим хүчний үнэ 0.053 ам.доллар (150 орчим төгрөг)байхаар тооцсон. Энэ нь баруун бүсийн хэрэглэгчдийн одоо мөрдөж байгаа эрчим хүчний үнэ өөрчлөгдөхгүй гэсэн үг. 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар, манай ахуйн хэрэглэгчдийн 1КВт цахилгаан, эрчим хүчний дундаж үнэ 0.056 ам.доллар гарсан байна.
УЦС-ын барилгын ажлыг 2022 оны 4-р сард эхлүүлж, 2026 онд дуусган, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Тус УЦС ашиглалтад орсноор жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун болон Алтай, Улиастай эрчим хүчний системд нийлүүлж, тус бүс нутгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах юм. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ТЭЗҮ-ээр 7-8 жилд хөрөнгө оруулалтаа нөхнө.
Дэлхий нийт эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах чиг хандлагатай. Тэгвэл барьж ашиглалтад оруулах Эрдэнэбүрэнгийн УЦС нь дэлхийн өнөөгийн жишиг, чиг хандлагад нийцэх юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс дэлхий дахины өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж ойлгож болно хэмээн Эрчим хүчний сайд онцоллоо.
Э.Од