Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ураны ханш эрчимтэй өсч, цөмийн эрчим хүчний салбар сэргэж байна

Есдүгээр сар гарснаас хойш ураны ханш ойролцоогоор 40%-иар нэмэгдэж фунт тутамд 49.4 ам.доллар байна. Энэ нь 2015 оноос хойшхи хамгийн хамгийн өндөр үнэд тооцогдож байгаа юм. Өнгөрсөн онд фунт уран 30 ам.долларын үнэтэй байв.  

“World Nuclear Association”-ийн сүүлд гаргасан тайланд, ирэх 10 жилд дэлхийн ураны эрэлт 26%-иар өснө. Өнөөгийн байдлаар, дэлхийн хэмжээнд шинээр төлөвлөгдсөн цөмийн энергийн 100 реактороос 53 нь барилга угсралтын шатандаа байгаа бол хэрэгжихэд бэлтгэгдсэн 320 төсөл байна.

2011 онд Японы Фукушима АЦС-д гарсан ослын улмаас ураны салбар уналтад орсон билээ. Тэгвэл тус улс цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ аажмаар сэргээж байна. Фукушимагийн дараах аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу ажиллаж байгаа 33 реакторын 1/3-ийг сэргээсэн бол 2030 он гэхэд үлдсэн хэсгийг дахин эхлүүлэхийг зорьж байгаа аж. Япон улсын Ерөнхий сайдын “залгамжлагчаар” яригдаж буй одоогийн Төрийн   шинэчлэлийн сайд Таро Коно “Япон улс нь агаарын бохирдлыг бууруулах зорилгодоо хүрэхийн тулд тодорхой хэмжээгээр цөмийн эрчим хүч шаардлагатай” хэмээн тодорхойлжээ.

Хятадын цөмийн энергийн холбооны мэдээллээр, тус улс жил бүр 6-8 шинэ реактор байгуулах төсөл баталж, 2025 он гэхэд 70 гигаваттын хүчин чадал бүхий 40 станцыг барьж байгуулах ойрын хугацааны зорилт дэвшүүлжээ.

Мэдээж, зарим улс цөмийн эрчим хүчний хэрэглээ рүү эргэн орж байхад нөгөө нь татгалзаж, ийм үйлдвэрлэлийг халж байна. Тухайлбал, 2022 онд Герман улс цөмийн сүүлийн реакторыг хааж байгаа юм.   

Гэлээ ч сүүлийн жилүүдэд, дэлхийн уур амьсгалын дулааралтай тэмцэх, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулахад цөмийн эрчим хүч ашиглах талаар улс орнуудын эрх баригчид нээлттэй мэдэгдэх болсон юм. Цөмийн энерги нь өртөг багатай, хямд бөгөөд хамгийн найдвартай эрчим хүчний эх үүсвэрт тооцогдож байна. 

Э.Од