Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын зэсийн импорт буурсаар байна

Хятад улс наймдугаар сард 394 мянган тонн зэс импортолсныг тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Хятадын зэсийн импорт 41%-иар буурч, 2019 оноос хойших хамгийн бага үзүүлэлтээр тооцогдож байна.

Энэ оны эхний найман сард нийт 3.6 сая тонн зэс хилийн чанадаас худалдан авсан нь 2020 оны мөн үеийнхээс 15.3%-ийн буурсан аж.

2020 оны аравдугаар сард Хятадын зэсийн импорт оргил хэмжээндээ хүрсэн бөгөөд тухайн үеэс тус улсын зэсийн импорт буурч иржээ. Хятад улсын дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж буй нь тодорхой хэмжээгээр зэсийн импорт буурахад нөлөөлж байгаа гэж олон улсын шинжээчид үзэж байна.

“Shanghai Metals Market“-ийн мэдээллээр, тус улс наймдугаар сард 819.4 мянган тонн катодын зэс үйлдвэрлэжээ. Энэ нь өмнөх долдугаар сарынхаас 1.3%-иар буурсан ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.1%-иар өссөн байна. Оны эхний найман сарын байдлаар, нийт 7.52 сая тонн катодын зэс үйлдвэрлэж 2020 оны үзүүлэлтээс 10.7%-иар нэмэгджээ.

Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо (ҮХШХороо) болон Үндэсний хүнс, стратегийн нөөцийн газар долдугаар  сард стратегийн нөөцөөсөө нийт 50 мянган тонн зэс хоёр удаагийн худалдаагаар дотоодын зах зээлдээ нийлүүлсэн юм. Зах зээлийн ханшаас 3-9%-иар доогуур үнээр металуудыг худалдаалсан тухай тус улсын ҮХШХороо мэдэгдсэн. Хятад улсын эдийн засгийн хөгжилд түүхий эдийн ханшийн хурдацтай өсөлт сөргөөр нөлөөлж байгааг ийнхүү тогтворжуулахаар өмнөд хөршийн засаг чармайж байна.  

Лондоны металын бирж (2021.09.23)дээр нэг тонн зэсийн ханш 9251 ам.доллар байна. Тавдугаар сард зэсийн үнэ 10724 ам.долларт хүрсэн бол наймдугаар сард 8775 ам.доллар болж буурсан юм.     

Э.Од