Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Bank of China”: Аравдугаар сараас эхлэн нүүрсний төсөл санхүүжүүлэхгүй

Аравдугаар сараас эхлэн Хятадын “Bank of China” банк нь нүүрсний олборлолт болон эрчим хүчний төслүүдийг шинээр санхүүжүүлэхгүй болсноо мэдэгджээ. Энэхүү шийдвэр нь тус улсын дарга Си Жинпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган (2021.09.21) дээр Хятад улс хилийн чанадад нүүрсний цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлэхгүй бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бусад улс орнуудтай нэгдэх тухай мэдэгдэлтэй холбоотой аж.

Хятад улс 2060 он гэхэд нүүрсхүчлийн ялгаруулалтгүй орон болох зорилтод хувь нэмрээ оруулах төлөвлөгөөг боловсруулсан талаар “Bank of China”-ийн мэдэгдэлд дурджээ. Уг төлөвлөгөөнд, банкны зохион байгуулалтын бүтэц, бизнес хөгжүүлэх стратеги, бүтээгдэхүүний инноваци, экологийн үйл ажиллагаа, стресс тест, олон улсын хамтын ажиллагаа, чадамжийг бэхжүүлэх, технологийн чадавхийг хөгжүүлэх зэрэг 15 чиглэлээр Хятад улсын “ногоон” шилжилтэд оруулах хувь нэмрийг тусгасан нарийвчилсан замын зураглалыг тодорхойлсон байна.

“Bank of China”  нь 1 их юанийн (154.7 тэрбум ам.доллар) санхүүжилтийг “ногоон” салбарт зарцуулах ба 2021-2025 онд XIV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд жил бүр “ногоон” зээлийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн “ногоон” технологийг дэмжих зээлийг түлхүү олгохоор болжээ.

Долдугаар сарын эцсийн байдлаар, тус банкны дотооддоо олгосон “ногоон” зээлийн  хэмжээ 1  их наяд юанийг давж, 2021 он гарснаас хойш 15%-иар өссөн байна.

Сүүлийн жилүүдэд, хилийн чанад дахь нүүрсний эрчим хүчний төслүүдэд Хятадын олгож буй зээл мэдэгдэхүйц буурч байгаа аж. Энэ оны эхний хагас жилийн байдлаар, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд нүүрсний нэг ч төсөлд санхүүжилт болоод зээл олгоогүй байна. Хятадын зарим арилжааны банк, санхүүгийн байгууллагууд ч нүүрсний төслүүдийг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ.

Э.Од
  

    

     


 

Сэтгэгдэл (1)