Хятадын төрийн “China Minmetals” нь бүтцэдээ стратегийн өөрчлөлт хийж “Chinalco” корпорацитай хувь эзэмшлээ нэгтгэхээр хэлэлцэж байна. Энэ талаар, газрын ховор металын “China Minmetals”-ийн охин компани “China Minmetals Rare Earth” мэдээлжээ.
Шэнзэнийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “China Minmetals Rare Earth” нь толгой корпорацийн бүтцийн шинэчлэлийн тухай тодорхой дурдаагүй аж. Нэгдэх хэлцэл нь Төрийн дээд байгууллагаар зөвшөөрөгдөх ёстой. Тиймээс одоогоор, талууд албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна.
“China Minmetals” нь газрын ховор металын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Цинхай муж дахь 17 сая тонн литийн “Yiliping” төсөлд 51%-ийн эзэмшилтэй. Мөн “Рио Тинто” групптэй хамтран Хятадын нутагт зэс, цайр, хар тугалганы хайгуулын төсөл хэрэгжүүлж буй. “Chinalco”-ийн тухайд хөнгөн цагааны үйлдвэрлэлээс гадна газрын ховор металын нэгжтэй юм. Хэрэв уг корпорациуд нэгдсэн тохиолдолд газрын ховор металын үйлдвэрлэлийн хэмжээгээр Хятад улсад хоёрдугаарт буюу “China Northern Rare Earth” группын дараа эрэмбэлэгдэнэ. Шинэ нэгдэл нь жилд 45 мянган тонн газрын ховор металын оксид үйлдвэрлэх бөгөөд Гуанси, Хунан, Юньан, Шандун, Фужян, Сичуан мужийн газрын ховор металын үйлдвэрлэлийг хянах чадамжтай гэсэн үг.
Хятадын газрын ховор металын салбарын “Их 6” гэж нэрлэгддэг компанийн хоёр нь төрийн “China Minmetals Rare Earth” болоод “Chinalco Rare Earth & Metals” юм. Эдгээр компани нь тус улсын газрын ховор металын үйлдвэрлэл төвлөрсөн Жянси мужид үйл ажиллагаа явуулдаг. Он гарснаас хойш “China Minmetals Rare Earth” компанийн хувьцаа 230%-иар өсчээ.
АНУ-ын Үндэсний геологийн албаны мэдээллээр, дэлхийн газрын ховор металын зах зээлийн 70%-ийг Хятад дангаар бүрдүүлдэг ба газрын ховрын бүлэгт багтдаг 17 металыг бүгдийг нь нийлүүлдэг цорын ганц улс юм.
Э.Од