Ирэх оны төсөвт нүүрсний экспортын төсөөллийг энэ оныхоос огцом нэмэгдүүлж 36 сая тонноор тооцсон тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ. Энэ нь 2019 оныхтой адил хэмжээ юм. 2021 онд төсвийн тодотгосон дүнгээр 28 сая тонн нүүрс экспортлохоор манай улс төлөвлөж байсан ч гүйцэтгэлээр 16 сая тонн хүрэхгүй нүүрс нийлүүлэх төлөвтэй байгаа ажээ. Нүүрсний ханш нэмэгдсэнээр төсөвт оруулах орлогын төлөвлөгөө бүрэн биелж байгаа ч экспортын илүү их орлого төвлөрүүлэх боломжоо алдаж буйг Сангийн сайд онцоллоо.
2022 оны зэсийн баяжмалын экспорт (1.21 сая тонн), алт тушаалтыг (20 тонн) энэ оныхтой ойролцоо түвшинд байна гэж тооцжээ. Харин төмрийн хүдрийн экспортыг ирэх онд 9.5 сая тоннд хүрч энэ оныхоос нэмэгдэх төлөвлөгөөг тусгасан байна.
Энэ оны эхний долоон сарын байдлаар, эрдэс баялгийн салбарын төсөвт төвлөрүүлсэн орлого 2.8 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн тухай УУХҮЯ мэдээллээ. Энэ нь зах зээлийн ханшийн өсөлтөөс шалтгаалсан зэс, нүүрс, газрын тосны орлогын өсөлтөөс голлон бүрджээ.
Хэдийгээр эрдэс түүхий эдийн ханш өсөлттэй байгаа ч ирэх онд төдийлөн нэмэгдэхгүй гэсэн байр суурийг Сангийн яам баримталж байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, он гарсаар есдүгээр сарын 15-ны байдлаар манай улс нийт 11.4 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь зорилтот хэмжээнд хүрэхийн тулд үлдсэн хугацаанд сард дунджаар нэг сая тонн нүүрс худалдах шаардлагатай гэсэн үг юм.
Б.Төгс