Баянхонгор аймагт Баян Хөндий алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй Канадын хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани нэмэлт хувьцаа гаргахаар ажиллаж байна. Тодруулбал нэмэлт хувьцааны арилжаагаар нийт 14.25 тэрбум төгрөг (5 сая ам.доллар)-ийн санхүүжилтийг Монголын хөрөнгийн захаас бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Нэмэлт хувьцааны арилжаагаар босгох санхүүжилтийг Баян Хөндий алтны төслийн бүтээн байгуулалт, хайгуул болон бусад үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөн байна.
Тус компани нь 2018 оны зургадугаар сард МХБ-д үнэт цаасаа давхар бүртгүүлснээр Монгол улсын давхар бүртгэлтэй анхны компани болсон билээ.
Нэмэлт хувьцааны захиалга аравдугаар сарын 4-8-ны хооронд явагдана. Ингэхдээ нийт 17.48 сая ширхэг хувьцаа нэгж бүрийг нь 815 төгрөгөөр санал болгоно. Энэ нь Монголын хөрөнгийн бирж дээрх тус компанийн хувьцааны сүүлийн арав хоногийн жигнэсэн дундаж ханшаас 10%-ийн хөнгөлөлттэй үнэ юм байна. Тус компанийн зах зээлд гаргасан нийт энгийн хувьцааны тоо нь 268.5 сая ширхэгээр (2021.06.30-ны байдлаар) илэрхийлэгдэнэ. Иймд шинээр гаргах хувьцаа нь нийт хувьцааны 6%-тай тэнцэнэ. Компанийн нийт зах зээлийн үнэлгээ нь Торонтогийн хөрөнгийн бирж дээрх алтны ил уурхайн олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтай харьцуулахад 2-3 дахин бага байгаа юм. Иймд компани цаашид олборлолтоо эхлүүлэх үед хувьцааны үнэлгээ өсөх бүрэн боломжтой гэж “Эрдэнэ Ресурс”-ийн зүгээс тооцоолж байна.
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын энэ оны наймдугаар сарын 27-ны А/70 тоот тушаалаар бүртэсэн “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн 14.25 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нэмэлт хувьцааг Санхүүгийн зохицуулах хорооны есдүгээр сарын 22-ны өдрийн А/80 тоот тогтоолоор бүртгэж олон нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна.
Баян Хөндий алтны үндсэн ордын хувьд нийт 12.7 тонн алтны үйлдвэрлэлийн нөөцтэй бөгөөд жилд 63.5 - 79 мянган унц алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Ордын онцлог гэвэл хүдэр дэх алтны дундаж агуулгын хэмжээ 3.7 гр/тн байгаа нь дэлхийн дундаж болох 1.3 гр/тн-той харьцуулахад нэлээд өндөр дүн юм. Иймд олборлолтын зардал унц тутамд харьцангуй бага буюу 733 ам.доллар байна гэж тооцоолжээ. Олборлолтын жилүүдэд алтны өнөөгийн ханшаар жилд дунджаар 40-50 сая ам.долларын цэвэр мөнгөн гүйлгээтэй ажиллана гэж тооцоолсон байна.
Хувьцаа эзэмшлийн тухайд, одоогийн байдлаар Монголын хувьцаа эзэмшигчид компанийн нийт хувьцааны 5%, удирдлага/ТУЗ 8%, ЕСБХБанк 11%, алтны чиглэлээр дагнан хөрөнгө оруулалт хийдэг Эрик Спротт 12%, үлдсэнийг хөрөнгө оруулалтын сангууд болон олон нийт /Торонтогийн бирж дэх/ эзэмшиж байна.
Эх сурвалж: Investing.com
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
“Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийн тухайд 2000 онд байгуулагдаж 2005 онд Торонтогийн хөрөнгийн биржийн үндсэн самбарт бүртгүүлж хувьцаагаа арилжаалж эхэлсэн. Улмаар Монгол иргэд эрдэс баялгийн салбараас өгөөжийг хүртэх, уул уурхайн компаниуд ил тод, нээлттэй үйл ажиллагаа эрхлэх зэрэг хүчин зүйлсийг харгалзан 2018 оны зургадугаар сард Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлж хувьцаагаа дотоодын хөрөнгийн захад худалдаалах болсон.
Тус компани нь зөвхөн Баян Хөндий алтны үндсэн ордын төсөл төдийгүй Хөндий алтны дүүрэгт алт, алт-полиметалл болон молибден-зэсийн төслүүдийг хөгжүүлж байна. Үүнд Алтан Нар, Зуун Мод, Хар Морь болон бусад хайгуулын төслүүд багтана.
“Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийн Баян Хөндий алтны төслийн бүтээн байгуулалтын ажил ирэх оны сүүл гэхэд дуусч, хүдэр боловсруулалт 2023 оны эхний хагас жилд эхлэх төлөвтэй байна.
Б. Төгс