БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн “Evergrande” групп нь 2024 онд барагдуулах бондын 9.5%-ийн хүүгийн төлбөр 45.2 сая ам.долларыг өнгөрсөн лхагва гаригт (2021.09.29) төлөх үүрэгтэй байсан. Уг тогтсон хугацаанд төлбөрөө төлөөгүйг тус группын хувьцаа эзэмшигчид мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Үүнээс өмнө есдүгээр сарын 23-нд дуусгавар болсон хүүгийн 83.5 сая долларын төлбөрийг мөн төлөөгүй талаараа “Evergrande” групп олон нийтэд тайлбар хийгээгүй аж. Хуулиар 30 хоногийн хугацаанд хүүгээ төлөөгүй бол дефолт зарлана.
Ар араасаа тулсан хүүгийн төлбөрийг хугацаандаа барагдуулж чадахгүй байгаа нь тус группын санхүү улам хүндэрснийг илэрхийлж буй гэж олон улсын шинжээчид үзэж байна. Тэгвэл “Evergrande” нь дараагийн хүүгийн төлбөр 162.38 сая ам.долларыг аравдугаар сард төлөх ёстой.
Өр төлбөрөө барагдуулах зорилгоор тус групп хамгийн том хувь эзэмшил “Shengjing Bank”-ны 9.993 тэрбум юаниар (1.54 тэрбум ам.доллар) үнэлэгдэх хувьцааг худалдах болсноо өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Энэхүү хэлэлцээрээр, нэг ширхэг хувьцааг 5.7 юань буюу 0.88 ам.центээр үнэлсэн байна. Группын өрийн асуудал “Shengjing Bank”-ны үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөөлсөн гэдгийг “Evergrande” группын тэргүүн Хуэ Ка Янь мэдэгдсэн. Тиймээс томоохон хэлэлцээрийн үр дүнд группын санхүүг тогтворжуулан, хэлэлцээрийн дараах “Shengjing Bank”-ны 14.75%-ийг хадгалж үлдэж чадна гэж группын удирдлага тооцож байна.
Есдүгээр сарын 14-ны байдлаар, “Evergrande” группын нийт өр 310 тэрбум ам.доллар хүрчээ. Хятадын улсын ДНБ-ний 2%-тай тэнцэх өр төлбөртэй “Evergrande”-ын нөхцөл байдал тус улсын санхүүгийн салбарыг доголдуулж, цаашлаад дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүйг шинжээчид онцолж буй юм.
Шэнжэн мужид төвтэй “Evergrande” групп үндсэн 200 мянган ажилтантай ч барилгын үйл ажиллагаа нь бараг 4 сая хүнийг ажлын байраар хангадаг. Жижиг, том 280 хотод үл хөдлөх хөрөнгийн 1000 гаруй төсөл хэрэгжүүлж байна.
Хятадын тэрбумтан Сю Цяин үүсгэн байгуулсан “Evergrande” групп 2009 онд Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн. Үл хөдлөх, барилгаас гадна цахилгаан машины үйлдвэрлэл, спорт, тоглоомын парк, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулжээ. 2018 онд тус групп 70 тэрбум юанийн ашигтай ажилласан байна.
Э.Од