Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Айвенхоу Майнз”, “BHP Group”-ийн хэлэлцээр уул уурхайнхны анхаарлыг татав

Зэсийн үлэмж нөөцтэй “Камоа-Какула” бүлэг ордын талбайтай зэргэлдээ орших геологи хайгуулын “Western Foreland” төслийг “Айвенхоу Майнз”-аас худалдан авах урьдчилсан хэлэлцээрийг “BHP Group” хийж байгаа мэдээлэл дэлхийн уул уурхайн салбарынхны анхаарлыг татлаа. Хэлэлцээрийн талаар “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фридланд албан ёсны мэдэгдэл хийгээгүйн зэрэгцээ “BHP Group” зүгээс ч тайлбар өгөөгүй байна. Уул уурхайн хоёр том компани хэлэлцээр хийж буй албан бус мэдээллээр даваа гаригт (2021.09.04) “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш 10%-иар өсчээ. Энэ нь өнгөрсөн оны зургадугаар сараас хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна.

Гэрэл зураг: "Western Foreland" төслийн талбай

Тус компани өөрийн эзэмшлийн “Western Foreland” талбайд хайгуулын 16 сая ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мэдэгдэж (2021.02.16)байсан билээ. Уг талбай нь залгаа орших “Камоа-Какула” ордын адил өндөр агууламж бүхий зэсийн нөөцтэй байх магадлалтай хэмээн  Р.Фрийдланд үзэж байгаа юм. Хайгуулын хөтөлбөрийг энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлж, өрөмдлөг хийхээр төлөвлөж байжээ. Харин энэ үеэс талбайг худалдах асуудал яригдаж, уул уурхайн зарим томоохон компаниуд сонирхлоо илэрхийлж буйн нэг нь “BHP Group” аж.

“BHP Group”-ийн тухайд сүүлийн жилүүдэд хөгжилтэй орнуудад уул уурхайн төсөл хэрэгжүүлж байгаа юм. Гвиней дэх төмрийн хүдрийн ордыг ашиглах тусгай зөвшөөрлөө 2019 онд Роберт Фрийдландын компанид худалдсанаар Африк тивд хувь эзэмшилгүй болсон.

“Айвенхоу Майнз” (TSX: IVN; US-OTC: IVPAF) компанийн “Камоа-Какула” төслийн хоёр модуль бүхий эхний Баяжуулах үйлдвэр есдүгээр сарын 20-нд бүрэн ашиглалтад орсон байна. 2021 онд 80-95 мянган тонн зэс агуулсан баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Ордын анхны олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийг өнгөрсөн тавдугаар сард эхэлж, хоёр сарын дараа экспортолсон юм. Есдүгээр сарын 20-ны байдлаар, нийт 16 мянган тонн баяжмал үйлдвэрлэсэн байна. Он гарсаар тус уурхайгаас нийтдээ 40 орчим мянган тонн зэс үйлдвэрлээд байгааг “Айвенхоу Майнз” мэдээлжээ.

“Камоа-Какула” төсөл нь нийт 8 уурхайгаас бүрдэх бөгөөд эхний “Какула” уурхайн үйлдвэрлэлийг явуулж эхэлсэн нь энэ. Нийт 37.9 сая тонн зэсийн нөөцтэйг “Mining Intelligence” байгууллага мэдээлсэн. “Айвенхоу Майнз” компанийн тооцооллоор, ордын нийт нөөц 43 сая тонн гэж мэдэгдэж байгаа юм. “Камоа-Какула” төсөл нь дэлхийн дөрөв дэх том зэсийн орд болно гэж “Wood Mackenzie” үзэж байна.

“Камоа-Какула” төслийн 39.6%-ийг “Айвенхоу Майнз” компани, 39.6%-ийг Хятадын “Zijing Mining” групп тус тус эзэмшиж байгаа бол 20% нь БНАКонго улсын Засгийн газрын мэдэлд буй.

Э.Од