Д.Нарантуяа
Хэрэглээ, хүртээмж, нийлүүлэлт нь Монголын эдийн засагт шууд нөлөө үзүүлэхүйц хэдэн бүтээгдэхүүн байгаагийн нэг нь шатахуун. Шатахууны үнийн өсөлтийг дагаад бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгддэг учраас нийлүүлэлтийг тогтвортой байлгах, хомсдол, тасалдал үүсгэхгүй байх нь чухал ач холбогдолтой. Гэтэл энэхүү стратегийн бүтээгдэхүүний хувьд Монгол Улс 100 хувь гаднын импортоос хамааралтай. Шатахууны үндсэн түүхий эд газрын тосны чамгүй нөөцтэй боловч дотооддоо олборлож, боловсруулсан түүхгүй. Харин социализмын үед хойд хөрш Орос руу экспортолж байсан бол одоо урд хөрш Хятад руу экспортолж байна. Стратегийн бүтээгдэхүүн шатахууны хувьд гадаад орны импортоос бүрэн хамааралтай байх нь эдийн засгийн аюулгүй байдал гэдэг ойлголтыг үгүй хийж байгааг олон ч жил шүүмжилж ярьсан ч байдал өөрчлөгдөөгүй хэвээр. 1990-ээд оны эхээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын дээлийн энгэрийг мялаасан газрын тосны үр шимийг монголчууд хүртэж эхлээгүй л байна.
Шатахуун тасалдсан есдүгээр сарын хэд хоног энэ бүхнийг эргэн санахад хүргэж, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл төлөвлөсөн цаг хугацаандаа амжилттай хэрэгжиж, машины банкаа дотоодын шатахуунаар дүүргэх хүслийг улам өдөөлөө.
Халдвар хамгааллын дэглэмээ сахиж чадахгүй байгаагаас төсвийн гол орлогын нэг болсон нүүрсний экспорт тасалдсан мэдээнээс илүүтэй шатахууны тасалдал нийгмийг бухимдууллаа. Урд хилээр гарч байгаа нүүрсний орлого төсөвт хуримтлагдаад цалин, тэтгэвэр, тэтгэмж болон халаасанд нь орж байгааг мэдрэхээс илүүтэй хашаанд нь сойлттой байгаа приус машиных нь банк хоосорсоныг илүүтэй мэдэрч хүлээж авах нь ойлгомжтой.
Шатахуун яагаад тасалдсан шалтгааныг холбогдогч байгууллагууд өөр өөрөөр тайлбарлаж, бурууг бусад руу чихсэн нь иргэдийн бухимдлыг бүр ч дэврээлээ.
Өнгөрсөн хугацаанд шатахууны тасалдал нэг биш удаа тохиолдож байсан бөгөөд энэ тасалдал гол төлөв намрын их ажлын үеэр тохиолдож иржээ. Намар гэдэг бол монголчуудын хувьд онцгой улирал байдаг. Намрын ургац хураалт, хичээл сургуулийн бэлтгэл, өвлийн бэлтгэлийн ажил ид ундардаг цаг. Энэ бэлтгэл ажлууд бүгд шатахууны хэрэглээ шаарддаг. Наймдугаар сарын сүүлээс шатахуун хомсдож байна гэсэн мессежийг хэрэглэгчдийн зүгээс өгсөөр байсан ч тасалдал үүсэхгүй гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газар мэдэгдэж байсан ч бодит байдал тэдний хэлснээс эсрэг байлаа. Ялангуяа Монголын хүн амын бараг тал нь амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хотод шатахуун тасарч машинаар хахаж түгжирч байдаг нийслэлийн төв замууд 2-3 хоног сэлүүхэн өнжлөө. Улаанбаатар хотын хэмжээнд монголчуудын хамгийн их хэрэглэдэг АИ92 шатахууны ердөө дөрөв хоногийн нөөц үлдэж, компаниуд нэг хүнд 30 мянган төгрөгөөс илүү өгөхгүй хязгаарлалт хийсэн. 30 мянган төгрөгийн шатахуун гэдэг бол 20 хүрэхгүй литр шатахуун. Улсын хэмжээнд өнгөрсөн 2020 оны байдлаар 715.309 суудлын автомашин байгаагийн талаас илүү буюу 447.413 нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож байна. Эдгээр 447.413 машины дийлэнх нь АИ92 шатахуун хэрэглэж байгаа. Улаанбаатар хотын АИ92 шатахууны өдрийн хэрэглээ 1000 орчим тонн байдаг. Шатахуун түгээх станцуудын гадна 2-3 километр урт машины дараалал үүсч, дарааллаас үүдэн хоорондоо муудалцах ч тохиолдол гарлаа. Шатахуунгүй өдрүүдэд нийтийн тээврээр зорчигчдын тоо 20 гаруй хувиар нэмэгдсэнийг Нийслэлийн Тээврийн газар мэдээлсэн. Түгээлтийн машин нь шатахуунгүй учраас түгээлтээ хийж чадалгүй зогсч, улмаар хүнсний өргөн хэрэглээний бараа зардаг жижиг дэлгүүрүүд бараагаа татаж чадахгүй байдал үүссэн. Талх, өндөг зэрэг бүтээгдэхүүний үнэ энэ хэдэн өдөр 200-300 төгрөгөөр нэмэгдээд амжжээ. Шатахуун тасалдсан эдгээр өдөр Улаанбаатарын хэвийн амьдрал алдагдсан хоногууд байлаа.
Ийм байдал үүсэхээс 20-иод хоногийн өмнө АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Шатахууны нөөц улсын хэмжээнд хэвийн байна. Тодруулбал, АИ92 бензиний 24 хоногийн нөөцтэй. Дараа дараагийн татан авалтыг хийж, таслахгүй байхад анхаарч ажиллаж байна” хэмээн мэдэгдэж байжээ. Шатахууны гол нийлүүлэгч ОХУ-ын зүгээс есдүгээр сард гэрээнд заасан шатахууны тал хувийг нийлүүлж чадахгүй гэдгээ мэдэгдэж, энэ тасалдлыг өмнөд хөрш БНХАУ-ын China Oil компаниас авч нөхөхөөр шуурхай ажилласан ч тээвэрлэлт саатаж нөхцөл байдал улам хүндэрлээ. Есдүгээр сарын сүүлийн долоо хоногт ОХУ болон БНХАУ-аас шатахуун хилээр нэвтэрч байдлыг намжаалаа.
АМГТГ-аас мэдээлснээр есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд ОХУ болон БНХАУ-аас нийт 9750 орчим тонн АИ92 шатахуун орж ирсэн бөгөөд энэ нь АИ92 шатахууны ердийн найм хоногийн нөөц юм. АИ92 нь нийт нефтийн бүтээгдэхүүний импортын 30 орчим хувийг эзэлдэг байна. Үүний 70 хувийг жижиглэнгийн худалдаа эзэлдэг учраас жижиглэнгийн худалдааны үнэд хяналт тавьж, тохируулга хийж ажиллахаа АМГТГ есдүгээр сарын 27-нд сэтгүүлчдэд мэдээлсэн.
Хараат байдал гэдэг юу болохыг энэ хэдэн өдрүүдэд монголчууд бодитоор харлаа, мэдэрлээ. Шатахуун тасалдсан шалтгааныг АМГТГ-аас ийнхүү тайлбарлаж байна. Монголд шатахуун нийлүүлэгч Оросын “Роснефть” компанийн Ангарскийн үйлдвэр их засвар хийсэн учраас гэрээнд заасан төлөвлөгөөт шатахуунаа нийлүүлэх боломжгүй болсон аж. Цар тахлын улмаас төлөвлөгөөт засваруудыг цаг хугацаанд хийж чадалгүй байсаар урт хугацааны засвар хийх шаардлагатай болсон хэмээн “Роснефть” мэдэгджээ. Хоёрдугаарт, Хятадад дотоодын төмөр замын тээврийн гацаа түгжрэл үүссэнтэй холбоотойгоор Монголын талын захиалсан шатахуун цаг хугацаандаа орж ирээгүй байна. Хятадаас захиалсан шатахуун хилээр орж ирж чадаагүйг ч мөн бусдын буруу мэт тайлбарласан учраас Элчин сайд нь хэвлэлд тайлбар хийхэд хүрлээ. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй дараах тайлбарыг өгсөн байна. China Oil компаниас Монголын компаниудын захиалсан шатахууныг хүсэлт тавьсан өдөр буюу есдүгээр сарын 22-нд шуурхай шийдэн Эрээн боомтод татан авчирсан ч шилжүүлэн тээвэрлэх явц саатсан нь Монголын талтай хамааралтайг мэдэгджээ. “Асуудлын гол нь төмөр замын тээвэрлэх хүч дутагдалтайд байна. Монголын талын төмөр замын цариг өргөн, Хятадын тал олон улсын стандартын нарийн царигтай. Монголын талын худалдаж авсан шатахууныг Замын-Үүдийн боомт дээр тээвэрлэлтийн шилжүүлэг хийнэ. Одоогийн байдлаар Монголын талын боомтоор нэг талдаа хамгийн ихдээ өдөрт 480 тонныг шилжүүлэн тээвэрлэх боломжтой. Ийм тээвэрлэлтийн хүчин чадлаар тооцооход Монголын талын хүсэлтэд яагаад ч хүрэх боломжгүй. Шатахуун бусад бараа, бүтээгдэхүүнтэй адилгүй, амархан шатаж, дэлбэрэх аюултай. Мөн тээвэрлэлтийн явц ярвигтай, хэрвээ ажиллагаа буруудвал аюулгүй байдлын маш том эрсдэл дагуулна. Энэ бүхэн Монголын талын худалдаж авсан шатахууны тээвэрлэлт хойшилсоор байгаагийн шалтгаан гэдгийг онцолмоор байна” гэжээ. Өнөө л төмөр замын асуудал. Арваад жилийн өмнө нарийн царигтай төмөр замаа урд хил хүртэл тавьчихсан бол нийслэл хотод шатахуун тасалдахгүй байх боломжтой байжээ.
Дотоодын хэрэглээг тогтвортой хангах зохицуулалтыг дотооддоо өөрсдөө л хийхээс биш хоёр хөрш бидний өмнөөс хийхгүй. Шатахуун тасалдсан хэд хоногт бусдыг буруутгасан, арьсаа хамгаалсан мэдэгдлийг асуудал хариуцсан төрийн дээд, дунд шатны байгууллагууд ар араас нь хөврүүлсэн.
Шатахууны нийлүүлэлтийг тасалдуулсан хариуцлага энд яригдах учиртай. Бүх бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, эдийн засгийн тогтвортой байдлыг савлуулах хэмжээний онцгой ач холбогдолтой энэ бүтээгдэхүүний нийтүүлэлтийг хангах үүрэг УУХҮЯ, АМГТГ-т ногдож байгаа. Чоно борооноор гэдэг шиг энэ зуурт шатахууны нийлүүлэлт хариуцсан төрийн мэдлийн компани байгуулах яриа хүртэл гарч амжлаа. Төрийн мэдлийн компани байгуулаад байдал сайжирна гэдэг бол тун эргэлзээтэй. Одоо төрийн мэдэлд байгаа 100 гаруй компанийн удирдлага, менежмэнт, хүний нөөцийн бодлогыг улс төрийн шийдлээр хийж ихэнхийг нь дампуурлын ирмэгт аваачсан. Төрийн өмчит компаниудад реформ хийх болсныг ч хүлээн зөвшөөрч эхэлсэн. 2022 оны төсвийн зорилтуудын нэг нь төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлт байх болно гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны төсвийн төслийн талаар мэдээлэл өгөхдөө хэлсэн байсан. Тиймээс шатахууны тасалдлыг далимдуулан төрийн өмчит компани байгуулах санаа бүтэхгүй.
Төрийн байгууллага, төрийн ажилтнуудын ажлын ам, ажлын зөрүү илэрч байгаа өөр нэг зүйл нь нүүрсний экспорт. Хятадад нүүрсний эрэлт өндөр хэвээр, үнэ өссөн боломжийг алдаж байгаа нь экспортын Ногоон бүсийн халдвар хамгааллын дэглэмийг сахиж чадахгүй байгаатай холбоотой. Ганц Монгол Улс цар тахалд нэрвэгдчихээгүй, дэлхий нийтээрээ цар тахалтай зохицон амьдарч байна. Зохицон амьдарна гэдэг нь бушуухан тусаад, эдгэж, дархлаа тогтоогоод задгай амьдрах биш халдвар авахгүй байх, халдвар бусдад тархаахгүй байх дэглэмийг чанд сахих явдал. Энэ 2021 оны дөрөвдүгээр сараас хойш Монголын талд халдвар гарсны улмаас нүүрсний экспортыг 3-4 удаа 14 хоногоор хаасан. 2021 оны есдүгээр 15 хүртэл Хятад руу гаргасан нүүрсний экспорт 11.5 сая тонн байгаа нь төлөвлөснөөс хоёр дахин бага юм. Долдугаар сард хийсэн төсвийн тодотголоор нүүрсний экспортыг 36 саяас 28 сая тонн болгон бууруулсан. Ингэж бууруулаад ч төлөвлөсөн хэмжээндээ хүргэж нүүрс гаргаж чадахгүй нь ойлгомжтой болж, тэр чинээгээр төсвийн орлого тасалдах нь тодорхой байна. Хятад улс дотооддоо КОВИД-19-ийн эсрэг хатуу тэмцэж, халдвар тархах боломж гаргасан хариуцлагатнуудыг шат шатанд нь албан тушаалаас нь чөлөөлж байгаа нь зөв юм. Сайд, дарга нь ажил сайжруулах чиглэл өгөх биш ажил биелэгдсэн эсэхийг хянах манаач хийхээс өөр аргагүй онцгой нөхцөл байдал бий болж байна. Олон ч удаа очиж үүрэгдлээ. Хамгийн сүүлд есдүгээр сарын 21-нд Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн шинэ терминалтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар танилцсаныхаа дараа Гашуунсухайт боомт болон Цагаан хадны бүс нутагт КОВИД-19-ийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, улмаар ногоон бүс болгох цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын болон Аймгийн онцгой комисс, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа болон холбогдох бусад байгууллагад үүрэг болгож, жижиг битүүмжилсэн тээвэр буюу “бөмбөлөг” арга хэмжээг улам идэвхжүүлэхийг сануулжээ.