“Credit Suisse” банк долоо хоног тутмын “Metals & Mining Weekly” тайлангаа танилцуулжээ. Дэлхийн зах зээлийн метал, ашигт малтмалын нөхцөл байдлыг судалдаг энэхүү тайланд Хятад улсын барилгын салбар, төмрийн хүдрийн эрэлтийг онцолсон байна. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр улиралд Хятад улсын гангийн эрэлт сул байх төлөвтэй. Үүнд, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд тавих Бээжингийн хязгаарлалтын бодлого, “Evergrande” компанийн санхүүгийн хүндрэл, тус улсын эрчим хүчний хомсдлын улмаас аж үйлдвэрлэл хязгаарлагдах зэргээр нөлөөлж болзошгүй аж.
Гэхдээ 2022 онд гангийн үйлдвэрлэлд Бээжин хатуу бодлого барихгүй гэж таамаглажээ. Учир нь дэд бүтцийн бүтээн байгуулалт нь Хятад улсын XIV таван жилийн төлөвлөгөөний гол зорилтын нэг. Тиймээс зорилтыг биелүүлэхийн тулд дэд бүтцийн барилгын идэвхжлийг дагаад гангийн эрэлт өсөх магадлалтай. Хятадын гангийн эрэлтийн оргил үе 2025 онд тохионо гэж тус улсын ихэнх компаниуд үзэж буй аж.
Хэрэв Хятадын барилгын салбарын идэвхжил гангийн эрэлтийг өдөөх бол төмрийн хүдрийн хомсдол үүсэхгүй. Улмаар 2022 оны хоёрдугаар улирал гэхэд Хятадын зах зээл дээр төмрийн хүдрийн ханш 120 ам.доллар/тонн-ын үнэ дээр тогтоно гэж таамаглажээ. Томоохон нийлүүлэгч Бразилийн “Vale” компани үйлдвэрлэл сэргэх юм бол ирэх оны хоёрдугаар хагаст төмрийн хүдрийн ханш 100 ам.доллараас доош буурах магадлалтайг “Metals & Mining Weekly” тайланд дурджээ.
Э.Од