Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Нүүрсний экспорт жингээр 40% буурсан ч, орлогоор 1.7%-ийн өсөлттэй гарлаа

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний есөн сарын байдлаар 11.53 тэрбум ам.долларт хүрсэн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.1%-иар өссөн байна. Мөн хугацаанд экспорт 6.4 тэрбум ам.доллар, импорт 5.13 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 24.4%, импорт 30.5%-иар тус тус өссөн гэсэн үг. Гадаад худалдааны тэнцэл эхний есөн сард 1.28 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.9%-иар өссөн дүнтэй гарчээ.

Улсын экспортын дийлэнхийг бүрдүүлдэг эрдсийн салбарын гадаад худалдаанд зэсийн баяжмал орлогын дүнгээр тэргүүллээ. Оны эхний есөн сарын байдлаар зэсийн баяжмалын экспорт 2.31 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 97.8%-иар өсчээ. Харин зэсийн баяжмалын экспорт биет хэмжээгээр өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Зэсийн ханш олон улсын зах зээлд өссөн нь экспортын орлого нэмэгдэхэд голлон нөлөөлсөн. Тунгаасан зэсийн тухайд мөн хугацаанд нийтдээ 7.8 мянган тонныг экспортолсон нь 26%-иар өссөн бол орлогын тухайд хоёр дахин нэмэгдэж 69 сая ам.доллартай тэнцжээ.

Нүүрсний экспорт эхний есөн сард 12 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 39.5%-иар буурсан ч, орлогын дүнгээр 1.7%-иар өсч 1.5 тэрбум ам.долларт хүрлээ. Сарын дүнгээр авч үзвэл манай улсын нүүрсний экспорт есдүгээр сард 1 сая тонноор илэрхийлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 78.3%-иар буурчээ. Хэдийгээр нүүрсний экспортын биет хэмжээ огцом буурсан ч зах зээлд ханшийн өсөлт үргэлжилбэл манай улсын нүүрсний экспорт орлогын дүнгээр 2020 оны түвшинд байх боломжтой байна.

Эх сурвалж: ГЕГ

Орлогын дүнгээр төмрийн хүдэр гуравдугаарт бичигдлээ. Мөн хугацаанд манай улс нийт 5.95 сая тонн төмрийн хүдрийг гадагш нийлүүлж, 850 орчим сая долларын орлого олжээ. Энэ нь жингийн хувьд буурсан ч  орлогын дүнгээр 83%-иар өссөнийг илтгэнэ.

Алтны экспорт эхний есөн сарын байдлаар 7.9 тн буюу 460 сая ам.долларт хүрсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 60.5-61.1%-иар багасчээ.  Харин Монголбанкны үнэт метал худалдан авалт оны эхний найман сарын байдлаар 12.9 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.9 тонноор бага дүн юм.

Газрын тосны экспорт өсөлтөөрөө эрдсийг хошуучилж байна. Учир нь энэ онд газрын тосны экспортын биет хэмжээ өссөнөөс гадна дэлхийн зах зээлд ханш өссөн. Ингэснээр газрын тосны экспортын орлого эхний есөн сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 161%-иар нэмэгдэж 224.3 сая ам.долларт хүрчээ.

Цайр, жонш, молибденийн экспорт мөн хугацаанд бүгд орлогын дүнгээр өсөлттэй гараад байна. Зах зээлд түүхий эдийн ханш өсч байгаа нь экспортын орлого өсөх гол нөхцөл боллоо.

Эх сурвалж: ГЕГ

 

Б.Төгс